Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2013 оны арга хэмжээний хүрээнд 24 төрлийн тарилганд давхардсан тоогоор 48,3 сая мал, лабораторийн 22 нэр төрлийн шинжилгээнд 655,5 мян.мал хамруулахаар төлөвлөж, Биокомбинат ТӨААТҮГ-тай 14,391,882 литр шингэн вакцин, 27,655.73 мян тун хуурай вакцин, биобэлдмэлийг 5,1 тэрбум төгрөгт нийлүүлэх гэрээ байгуулан графикт хугацаанд нь захиалгын дагуу орон нутагт нийлүүлж, мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.
Мал эмнэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2013 оны халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 3,833 тэрбум, лабораторийн оношлогоо шинжилгээ ариутгал халдваргүйжүүлэлтэд 1.617 тэрбум, гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 3,416 тэрбум, Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнийн хүрээнд 8,681 тэрбум, мөн хөрөнгө оруулалтаар 5,0 тэрбум, нийтдээ 2013 оны арга хэмжээг 22,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр гүйцэтгэх юм.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зүүн 5 аймгийн 53 сумын 17,6 сая малыг вакцинжуулах ажлыг 04 дүгээр сарын 20-ноос эхлэн эхний ээлжийг хийж дуусаад байна.
Мөн бруцеллёзын өргөн вакцинжуулалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Завхан аймгийн бүх үхэр, бог малыг, бусад аймгийн төл нийт 20,9 сая малыг тус тус хамруулна.
* * * * *
Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн стандартын хэрэгжилтийн улсын үзлэг орон даяар бүх аймаг. сумдад явагдаж байна. Стандартын үзлэгт мал эмнэлэг, үржлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 860 гаруй хувийн нэгж хамрагдах ба үзлэгийг Мал эмнэлгийн холбоо, Мал үржүүлэгчдийн холбоо аймгуудын ХХААЖДҮГ, МХГ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажилаж байна.
* * * * *
Орхон аймгийн Эрдэнэт хотод 05 дугаар сарын 18-19 өдрүүдэд “Төвийн бүсийн мал эмнэлгийн чухал асуудлууд-2013” сэдэвт онол үйлдвэрлэлийн бага хурал болж, нийтдээ 8 аймаг, нийслэлийн 200 гаруй малын эмч, хөдөө аж ахуйн удирдах ажилтан, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Бага хурлаар Малын эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, малын эмч нарын нийгмийн асуудал, Малын зооноз өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал, Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдийн эпидемиологи, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ зэрэг 3 томоохон асуудлын хүрээнд 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүллээ.
* * * * *
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын /ДМАЭМБ/ ээлжит 81 дүгээр ерөнхий чуулган Франц улсын нийслэл Парис хотноо 05 дугаар сарын 25-31 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Чуулганд ҮХАА-н дэд сайд Н.Туваан, Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, малын ерөнхий эмч Т.Баатар, МЭҮГ-ын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Батсүх, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан З.Батсүх нар оролцов.
Манай улсын хувьд ДМАЭМБ-ын 81 дүгээр ерөнхий чуулганы бас нэг онцлог нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаалчилгаар эхлүүлсэн “Бэлчээрийн мал аж ахуйтай, нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын дэлхийн холбоо” байгуулах тухай уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
Уулзалтаар дэлхийн хүн амын, соёлын томоохон өв болсон бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийн ирээдүйн талаар хэлэлцэж энэхүү үнэтэй өв, нөөц баялаг, соёлыг дэлхийн нийт байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэж, органик бүтээгдэхүүн үнэд орж буй орчин үеийн хэрэгцээ шаардлагад, ялангуяа хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, улс орны эдийн засгийн хөгжлийг хангахад хэрхэн үр дүнтэй ашиглах, хадгалж авч үлдэх вэ? гэдэг асуудлаар бусад бэлчээрийн мал аж ахуйтай нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын төлөөлөгчидтэй санал солилцсон. Мөн түүнчлэн нүүдлийн соёл иргэншилтэй бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг тогтолцооны онцлогийг харгалзсан түүнд тохирсон мал амьтны эрүүл мэндийн стандартыг боловсруулах, ДМАЭМБ-аас гаргаж байгаа бодлогын баримт бичигт саналаа тусгах талаар ДМАЭМБ болон бусад орнуудтай нягт хамтран ажиллах боломжтой гэж Монгол улс үзэж буйгаа тус уулзалтын үеэр илэрхийлсэн.
Уулзалтанд оролцсон ДМАЭМБ-ын ерөнхий захирал Бернард Валлат болон бусад бэлчээрийн мал аж ахуйтай орнуудын төлөөлөгчид манай улсын гаргасан энэхүү санаачилгад идэвхтэй оролцож өөрсдийн санал бодлоо хэлж илэрхийлсэн.