Д.Содном: Хүндрэлээс гарах зөв гарцыг олох юмсан

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Д.Содном: Хүндрэлээс гарах зөв гарцыг олох юмсан

Д.Содном: Хүндрэлээс гарах, хямралаас сэрэмжлэх зөв гарцыг олж шийдвэрлэх юмсан

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуайтай уулзаж, түүний өнөөгийн улс орны эдийн засгийн байдал, хүндрэлийг давж туулах арга замын талаар ярилцсан юм.

-Эдийн засаг хүнд байдалд орж, улмаар ард иргэдийн амьдралд ноцтой муу үр уршиг тарьж болзошгүй гэсэн яриа, маргаан сүүлийн үед их болсон. Тиймээс иргэд энэ асуудлаар бодитой мэдээлэл авахыг хүсч, хүндрэлээс гарах, хямралаас сэрэмжлэх зөв арга зам олж байгаа эсэхийг сонирхож байгаа. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгч, оновчтой арга хэмжээ авахыг Засгийн газар, УИХ-д сануулсан. Тиймээс ярилцлагынхаа эхэнд таны өнөөгийн эдийн засгийн байдалд өгч байгаа үнэлэлт дүгнэлтийг сонирхож болох уу?

-Миний хувьд сонин, телевизээс авч байгаа мэдээллийн хэмжээнд л хувийн дүгнэлт гаргах гэж оролдох юм. Бодит мэдээлэл олж авч чадахгүй байгаа учраас оносон дүгнэлт гаргаж хэрэг болох санал хэлж чадах эсэхдээ эргэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл их өсч байгаа гэх боловч  гадаад худалдаа, улсын төсөв их алдагдалтай гарлаа, валютын нөөц багаслаа гэх мэдээллийг сонсохоор үр ашиггүй үйлдвэрлэлийн өсөлтөд хууртагдаж байгаа юм болов уу гэж санаа зовж л сууна. Инфляц бага байна гэх боловч төгрөгийн худалдан авах чадвар эрс буурсан, бараа бүтээгдэхүүний үнэ, зарим үйлчилгээний тариф их өсч байгааг харахаар итгэж тайван байх аргагүй санагдаад байна. Ер нь эдийн засаг хүндрэлтэй тулгарч, тэр нь иргэдийн амьдралд муугаар нөлөөлөх нь гэсэн дүгнэлт гаргаж, засах сэрэмжлэх дорвитой ажил зохиох зайлшгүй шаардлагатай болжээ гэж бодож байгаа.

-Эдийн засаг хүндэрч байгаа шалтгааныг та  юу гэж харж байна вэ. Төрийн бодлогодоо байна уу, эсвэл гадаад хүчин зүйлийн нөлөө байгаа юу?

-Миний бодлоор эдийн засаг хүндэрч буй нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Тухайлбал, үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй олон жил болж байгаа, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн менежмент муу, хувийн өмчийн үйлдвэрлэгчдийн сайн төслийн хэрэгжүүлэлтийг дэмждэггүй, заримд нь саад болсоор байсан, санхүүгийн эх үүсвэр, түүний дотор “Чингис” болон бусад бондын хөрөнгийг ашигтай үйлдвэрлэлд зориулж ашиглахгүй байгаа. Мөн уул уурхайн төслийн хэрэгжүүлэлтээс олж байгаа ашгаас баялгийн сан байгуулах, элдэв сангийн хөрөнгийн ашиглалтыг зохицуулах асуудал шийдэгдэхгүй удаж буй. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголыг хохироохгүй нөхцөлөөр оролцуулах хууль эрх зүйн болон эдийн засгийн зохистой нөхцөлийг тодорхойлж чадахгүй байгаа. Түүнээс голлон шалтгаалж гадаадын зарим хөрөнгө оруулагч Монголоос дайжиж байгаа. Нүүрс экспортлох төмөр зам бариагүй, нүүрсний экспортод татварын дарамт их.

Эдийн засаг нийгмийн хөгжлийн хэтийг харсан цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй ажиллахгүй хорь гаруй жилийг өнгөрөөсөн, одоо ч санаачлахгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчтай харилцахдаа тэдний сонирхлыг татахын хамт Монголын ашиг сонирхлыг хамгаалж чадах нөхцөлийг тохирч байх аргаа олоогүй, туршлагажаагүй байна. Түүнээс гадна төрийн тогтолцоог боловсронгуй болгохгүй байгаа зэргийг нэрлэж болно. Ер нь эдийн засаг хүндэрсэн олон шалтгаанаас онцолж анхаарах ёстой нь эдгээр болов уу.

-Онцолж анхаарахын тулд нэн даруй юу хийх хэрэгтэй вэ. Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд танд тодорхой саналууд байж таарна?

-Би энд тодорхой хэдэн санал хэлж болно. Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яамны үүргийг нэмэгдүүлж, өндөр хариуцлага хүлээж ажиллахыг шаардмаар байгаа юм. Хөгжлийн зам ямар байв, алдаа оноо юу байсан, одоогийн байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх, тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдэх, ирээдүйг харсан ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх вэ гэдэг дээр макро түвшинд боловсруулсан санал, үр ашиг өгөх тодорхой үндэслэл тооцоотой төслүүд боловсруулж шийдүүлж байхыг энэ яамны удирдлагаас асууж шаардах нь зөв байх. Эдийн засгийн хөгжлөө хариуцах тодорхой эзэнтэй болоод байгаа нь чухал. Яамыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, харьяанд нь эдийн засгийн шинжлэх ухааны байгууллага бий болгох, ажиллагсдыг нь хариуцсан ажлаа дагнан чанартай гүйцэтгэх,  тогтвортой ажиллах боломжтой болгоход  анхаармаар санагддаг.

Хоёрт, гадаадын хөрөнгө оруулалт багаслаа гэж ярьж байна. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт Оюутолгойг оролцуулаад болон оролцуулаагүй нөхцөлд яаж өөрчлөгдсөн дүн судалгааг хийж, дүгнэлт гаргаад, хөрөнгө оруулалт татах бодлого боловсруулахдаа бодолцох хэрэгтэй юм.

Төгрөгийн ханш суларч байгаа нь ч нэг асуудал.Тиймээс валютын арилжаа эрхлэгчид ямар үндэслэлээр ханш өөрчилж байгааг шалгуулмаар санагддаг. Төгрөгийн худалдан авах чадвар суларч байгаа нь экспорт өсөх, дотооддоо үйлдвэрлэл хөгжихөд нөлөөлсөн эсэхийг тогтоох ёстой. Импортын хэмжээ экспортоос бараг хоёр дахин их байгаа нөхцөлд төгрөгийн ханш бууж байгаа нь эдийн засагт макро түвшинд ямар үр нөлөө үзүүлж байгаа талаар үнэн бодит дүгнэлт гаргахыг, барих бодлого зохиох ажлын санал боловсруулахыг санхүү, банкны байгууллагын удирдлагуудаас шаардмаар санагддаг.

Үндэсний үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх нь эдийн засгийн хүндрэлээс гарах, хямралаас сэрэмжлэх гол гарц зам юм. Тиймээс үндэсний хөрөнгө оруулагчдад үйлдвэрлэлийн сайн төслүүд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдэнд учирч байгаа дарамтыг үгүй болгох зарим арга хэмжээг Хөрөнгө оруулалтын хууль гарахыг хүлээхгүйгээр авч хэрэгжүүлмээр  байна. Тухайлбал, үндэсний хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлж байгаа томоохон төсөлд шаардагдах тоног төхөөрөмж, машин техникийн импортод оногдуулж байгаа гаалийн болон бусад татварыг төлөх хугацааг тухайн төслийг хэрэгжүүлэн орлого орж ирэх хүртэл болгон хойшлуулдаг баймаар байна. Энэ нь чухал төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж шинэ үйлдвэрлэл бий болгоход  тус болох сайн талтай.

-Эдийн засгаа сайжруулахад уул уурхайн бүтээгдэхүүний экспорт чамгүй нөлөө үзүүлдэг байх. Ялангуяа экспортолж байгаа нүүрсний хэмжээг нэмэх ямар арга байж болох вэ?

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар санаачлага гаргаж нүүрсний экспортод болон импортод оногдуулдаг татварыг хоёр талд багасгах, зам тээврийн нөхцөлийг сайжруулах талаар хамтран ажиллах асуудлаар БНХАУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийх нь зүйтэй юм. Экспортод гаргаж байгаа нүүрсний худалдаж байгаа үнээс бараг 1,5 дахин их хэмжээгээр жишиг үнэ гэгчийг тогтоон нөөц ашигласны төлбөр оногдуулах, арав гаруй нэр төрлийн татвар хураамж авах зэрэг замаар нүүрс экспортлох гэж зүтгэж байгаа компаниуддаа татварын ихээхэн дарамт үзүүлж байгааг болиулах, үгүй ядаж багасгавал зөв, шударга үйл болно. Төсвийн орлогын тасалдлыг нөхөх  гэсэн энэ муйхар ажлын үр дүнд татвар бүрдүүлдэг зарим компанийг дампууруулж магад. Экспортыг нэмэхийн тулд Тавантолгойн ордоос БНХАУ-ын хил хүртэл тавих төмөр замыг нарийн царигаар яаралтай чанартай барьж ашиглалтад оруулах арга хэмжээ авах хэрэгтэй.

-Энэ бүгдэд чамгүй их хэмжээний мөнгө л хэрэгтэй болох байх даа.

-Экспортыг нэмэх, импортыг хэмнэхэд чухал ач холбогдолтой төслүүдэд шаардагдаж байгаа буюу дутагдаж буй хөрөнгийн эх үүсвэрийг “Чингис” бондын эх үүсвэрээс зээл олгох замаар бүрдүүлж өгөх боломжтой. Гарах үр ашгаараа зээлийг хүүгийн хамт хугацаанд нь төлж чадах  ашигтай төсөлд бондын хөрөнгийг ашиглах хатуу чиг шугам баримтлахыг хуульчилж, хэрэгжүүлэлтэд хяналт тавих хэрэгтэй юм.

Түүнээс гадна Тавантолгойн хөрөнгө оруулалтад 52 хувиар Монголын хувийн өмч давамгайлсан консорциумыг оролцуулж, үлдэх 48 хувьд ОХУ, БНХАУ, Япон улсын компанийг тус бүр 16 хувь буюу адил хэмжээгээр оролцуулах бодлогоор ажиллавал зөв болно. Дурдсан улсуудын компаниудыг ингэж оролцуулах нь тэдний ашиг сонирхлыг харгалзсан байх, мөн нүүрс борлуулах зах зээл олох, тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхэд нааштай нөлөөлөх зэрэг олон талын ач холбогдолтой.

Үйлдвэрлэл хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний компаниудаа дэмжиж хөгжүүлэхэд чиглэсэн эдгээр арга хэмжээнүүд эдийн засгийн байдал хүндэрч байгаа энэ үед тэргүүн ээлжинд хэрэгжүүлвэл зохих гол ажил.  Эдгээр ажлаас гарах үр ашиг нь хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулснаар хэдэн жилийн дараа гарч магадгүй үр дүнгээс илүү. БНХАУ л гэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ НӨАТ-аас чөлөөлөх замаар үйлдвэрлэлийг өсгөх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх асуудлыг амжилттай шийдвэрлэж байгаа мэдээ бий. Анхаарах, авч хэрэглэх л туршлага даа.

-УИХ ээлжит бус чуулган зарлаж байж хэлэлцэж эхэлсэн Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар та ямар санаа бодолтой яваа вэ?

-Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгахгүйгээр гаргах, мөн хуулийг зөвхөн уул уурхайн салбар гэлгүй, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэр зэрэг бусад салбарт, жижиг дунд үйлдвэрт хөрөнгө оруулагчдад хамаарахаар гаргах нь зүйтэй санагддаг. Яагаад гэвэл үндэсний хөрөнгө оруулагчдын олж байгаа татварын дараах ашиг нь Монголдоо үлдэнэ. Харин гадаадын хөрөнгө оруулагчдынх гадагш гараад л явна. Тийм учраас би Монголынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдэнд илүү хөнгөлөлт үзүүлэх хуультай байгаасай гэж хүсдэг.

Гадаадын хөрөнгө оруулагчдад зөвшөөрөл олгох нөхцөлийг тодорхой болгоход онцгой анхаармаар юм билээ. Тэдний хэрэгжүүлэх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Монголын төрийн байгууллага хянаж засвар, өөрчлөлт оруулахыг шаардах эрх эдлэхийн зэрэгцээ нэгэнт зөвшөөрөлцсөн ТЭЗҮ-ийн үзүүлэлтийг төсөл хэрэгжүүлэх явцад хатуу баримтлаж ажиллах шаардлага тавихыг хуульд тусгах нь зүйтэй. Хамгийн гол нь төсөл  хэрэгжүүлэх явцад хөрөнгө оруулалтын хэмжээ болон өртөг зардлыг үндэслэлгүй нэмэгдүүлж гарах ашиг, төлөх татвар, Монголын талд оногдох ашгийг бууруулах үйлдэл гаргуулахгүй байх  нөхцөлийг гэрээнд тусгах  эрхийг Засгийн газарт олгосон заалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлага байгаа. Тухайлбал, ТЭЗҮ-ийн дагуу гарах ашиг, түүнээс Монголын талд хуулийн дагуу оногдох ашгийн нийлбэр дүнг ТЭЗҮ-д нь тусгасан борлуулалтын орлогын дүнд нь харьцуулсан хувийг тодорхойлох замаар нөөц ашигласны төлбөр, ашгийн татвар, ноогдол ашгийг борлуулалтын орлогоос шууд төлүүлж байх эрхийг Засгийн газарт өгөх нь зүйтэй санагддаг.

-Энэ бүхэн дараа нь гарах үр дагавраас сэргийлэх сайн хамгаалалт болж чадах уу?

-Танайд маш их ашигтай ийм төсөл хэрэгжүүлэх боломж байна гэж урьдчилсан ТЭЗҮ үзүүлж хөрөнгө оруулах зөвшөөрөл аваад, төслийг хэрэгжүүлэх компанийг дагуулж ирдэг. Тэр нь орж ирсэн хойноо хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлыг үндэслэлгүй нэмэх, орлого ашгаа нуух зэрэг муу аргуудаар төслийн хэрэгжүүлэлтийн үр ашгийг аваад явдаг, бүр баялгийн эзэн улсыг өрийн дарамтад үлдээдэг маш туршлагатай зальтай этгээд энэ дэлхийд байдаг. Тэднийг эдийн засгийн алуурчид гэж нэрлэдэг бололтой юм билээ. Тэгж алуулахгүй байх эсэх нь биднээс хамаарна. Биднийг тийм алуурчид орж ирэхээс хэн ч хамгаалахгүй гэдгийг сайн бодож ухаалаг ажиллахаас өөр арга байхгүй. Монголын эдийн засагчид дэлхийн улсуудын эдийн засагчдын дунд сүүлийн байранд байгаа биш үү гэж олон улсын зарим байгууллага энэ оны нэг дүгээр сард сануулсан байна билээ. Тийм биш гэдгээ ухаалаг бодлогоороо харуулах хэрэгтэй.

-Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх явцад татварын хөнгөлөлт, тогтворжуулалтын тухай их ярьж байна билээ. Ер нь энэ асуудлыг яаж шийдэх нь зөв бол?

-Татварын түвшингээр манайх бусад улстай харьцуулахад өндөр биш. Тийм учраас татвараас хөнгөлөх чөлөөлөх гэдэг асуудал байж болохгүй. Гадаадын зарим хөрөнгө оруулагчтай урьд байгуулсан гэрээгээр зарим татварыг хүчин төгөлдөр байгаа хуулиар тогтоосон хэмжээнээс бага байхаар тохиролцсоныг эргэж засах хэрэгтэй санагддаг. Харин хүчин төгөлдөр байгаа хуулийн дагуу төлөх ёстой татварыг тогтворжуулах нь зөв.

Татвар тогтворжуулах гэрчилгээг  том хөрөнгө оруулагч нарт олгохоор хуулийг төсөлд оруулсныг буруу гэж байгаа шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй юм. Ямарч салбарт хөрөнгө оруулагч оруулж байгаа хөрөнгийнхөө хэмжээнээс хамаарахгүйгээр татварын тогтворжуулалтын гэрчилгээ авах  эрхтэй байх нь зөв гэж бодож байна.

-Хөрөнгө оруулалтад төрийн оролцоо заавал байх ёстой юу, байвал ямар хэмжээнд байх нь зохистой вэ гэсэн асуудал байгаа?

-Улс орны аюулгүй байдал, үүний дотор эдийн засгийн аюулгүй байдалд шууд болон шууд бусаар нөлөөлж болох төслийн хэрэгжүүлэлтэд төрийн оролцоо байх нь зүйтэй. Төр оролцохын гол зорилго нь уг төсөл улс орны аюулгүй байдалд хохирол учруулахгүй байх нөхцөлөөр, хууль журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж байхад орших болов уу. Улс орнуудтай харилцах харилцааг тэнцвэртэй байлгах, нэг улс нэг компанийн эрх ашгийн нөлөөнд автагдахаас сэргийлэх бодлогын үүднээс энэ асуудалд хандах нь зөв л дөө.

Гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоотой төсөлд хувьцааны хэдэн хувийг төр авах вэ гэсэн асуудалд бодлоготой хандах хэрэгтэй. Их хөрөнгө оруулалттай том төсөлд Монголын төр дийлэнх буюу 51-ээс дээш хувиар оролцох нь улс орны аюулгүй байдлын үүднээс зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нөхцөлд хувь оролцоондоо оногдох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хэрхэн бүрэлдүүлэх буюу түүний бололцоо нөхцөл, түүнчлэн төслийн үр ашгийн үзүүлэлтийг харгалзах нь зайлшгүй. Төсөлд их хэмжээгээр оролцох нөхцөлд зөвхөн төрийн биш Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран оролцох боломжтой байх нь зүйтэй. Зарим онц их үр ашигтай бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч онц сонирхож байгаа төсөлд “манай баялаг, танай хөрөнгө оруулалт гэсэн зарчмаар“ ярилцаж хөрөнгө оруулахгүйгээр хувь эзэмших эрхтэй байж болохыг хуульд оруулах нь зөв байж болох юм.

-Ер нь гадаадын хөрөнгө оруулалт гэж чухалчлаад байх нь эдийн засагт зайлшгүй байх ёстой зүйл үү?

-Гадаадын хөрөнгө оруулалт чухал. Гэхдээ түүнийг заавал байх ёстой зүйл гэж шүтэх хэрэггүй санагддаг. Дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж хөгжүүлэх нь төрийн том бодлого байх хэрэгтэй. Шинэ хууль гаргахдаа одоогийн Ашигт малтмалын тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн сайн заалтуудыг хэрхэн хадгалж үлдэхийг бодож шийдэх хэрэгтэй юм. Ямарч нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалт багасч байна гэж хуульд өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын ашиг сониролд хохирол учруулсан хуультай болохоос сэрэмжлэх хэрэгтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч болж болохгүй шүү дээ.

-Дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихдээ ямар нэг салбараар нь ангилах шаардлага бий юү?

-Юуны өмнө экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улсын төсвийн орлого, ажлын байр нэмэгдүүлэхэд дорвитой нэмэр болох төслүүд хэрэгжүүлж байгаа Монголын үндэсний компаниудыг дэмжих, тэдэнтэйгээ хамтарч түншилж ажиллах нь Монгол төрийн эрхэм зорилт байх ёстой юм. Үйлдвэрлэл амжилттай эрхэлж байгаа Монголын үндэсний компани цөөхөн. Тиймээс ийм чадвартай компанийг олшруулах бодлого барих зайлшгүй шаардлага байгаа. Өөрөө юм бүтээдэггүй, бүтээх чадваргүй зарим хүн цуцалтгүй хөдөлмөрлөж бүтээн байгуулалт хийж байгаа Монголынхоо цөөхөн компанийн чадвар ирээдүйтэй эздийг тэр олигарх гэж зүхэж, тэр ганцаараа баяжиж байна гэж хараар атаархаж байдаг. Тийм хүмүүсийн үгэнд орвол сууж байгаа мөчрөө хөрөөдөж байгаатай адил хэрэг болно шүү дээ. Харин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хөгжүүлж чадвал Монголын эдийн засаг тогтвортой хөгжих үндэс суурь бэхжих юм. Ер нь бол сайн ирээдүй бий. Ганцхан хөдөлмөрч, сайныг дэмжигч, эв зүйгээ эрхэмлэгч, саруул ухаантнуудтай байх нь эрхэм юм.

Н.САРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж