"Уучлаарай, олон нийтэд үйлчлэхгүй…" Ийм бичгийг АНУ-ын холбооны бүх байгууллагуудын гадна хаджээ.
АНУ-ын конгресс төсөв болоод эдийн засгийн төлөв байдал, эрүүл мэндийн даатгалын системийн тухай хэлэлцүүлгийг эсэргүүцэж гаргасан эцсийн шийдвэр нь "Түр хугацаанд хаалгаа барих" явдал болов. Учир нь АНУ-ын Конгрессийн Сенатын танхимын гишүүд ирэх жилийн улсын төсвөө батлах
асуудал дээр санал зөрөлдсөний улмаас Засгийн газрынх нь үйл ажиллагаа
түр хугацаанд зогсоод байна. АНУ-ын Конгрессийн Сенатын танхим аравдугаар
сарын 1-нээс өмнө төсвөө батлах ёстой байдаг ч амжаагүй тул холбооны
агентлагуудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Өмнө нь Клинтоны засаг захиргааны үед Америкийн Засгийн газар 21 хоног хаалгаа барьж байсан билээ.
АНУ-ын конгресст бүгд найрамдахчууд давуутай байдаг. Эсрэгээрээ сенатад ардчилагчид илүү байдаг билээ. Гэхдээ асуудлыг зогсоох бүрэн эрх нь бүгд найрамдахчуудад байгаа гэж ойлгож болно. Клинтоны үед ч тийм л байсан. Тийм ч учраас 21 хоногийн турш хаалгаа барьж байлаа. Обама үүнд эгдүүцэж байгаагаа удаа дараалан мэдэгдсээр л байгаа. Энэ бол гашуун үнэн. “Энэ бол улстөрийн барьцаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Асуудлыг ийм арга ядсан аргаар шийдэггүй юм гэдгийг бидний түүх харуулна. Бидний өвөг дээдсийн сонгосон ардчилалын замд тулгарч байгаа хамгийн том саад бол энэ. Бид нягт нямбай ярилцах шаардлагатай” гэж Барак Обама ярьжээ.
Бүгд найрамдахчууд төсвийн алдагдал болоод гадаад худалдааны уналтыг Обамагийн бодлоготой холбож байгаа. Дээрээс нь шинээр оруулж ирсэн эрүүл мэндийн даатгалын шинэ баримт бичгийг алдаатай болсон гэдгийг удаа дараалан мэдэгдсэн. Хэдийгээр өнгөрсөн жил ч гэсэн ийм байдалтай тулгарч болох байсан уу гэвэл үнэн. Конгрессийн тухайд гэвэл маш сайтар нягталж байж холбооны томоохон байгууллагуудыг хаалгаа барих шийдвэрт хүрсэн нь энэ.
Конгрессийн шийдвэрийн хүрээнд АНУ-ын эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаа, эдийн засаг, үзвэр үйлчилгээний газрууд ажиллахгүй. Томоохон 200 цэцэрлэгт хүрээлэн, Конгрессийн номын сан, NASA болон бусад агентлагууд өнөөдрөөс хаалгаа барьж, хязгаарлагдмал хүрээн ажиллана. Энэ байдал хэдий болтол үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч дөрвөн хоногийн хугацаанд энэ байдлыг үргэлжлэнэ гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ. Чухам энэ байдлаас болж АНУ-ын эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэхийг тааж мэдэхэд одоогоор хэцүү байна. 18 жилийн өмнөх тэр үйл явдлын уршгаар АНУ-ын гадаад худалдааны эргэлт огцом уналттай гарч, 3,7 тэрбум долларын хохирол учруулж байсан гэх тооцоолол бий. Сүүлийн хэдэн сарын хугацаанд АНУ-ын эдийн засаг болоод гадаад худалдаа, инфляци, бизнесийн орчны итгэл бүгд өсөлттэй гарч байлаа. Хөрөнгийн зах зээлийн орчин ч тогтвортой болох магадлал ажиглагдаж байх энэ цаг үед АНУ-ын төрийн захиргааны зарим байгууллагууд хаалгаа барихаар боллоо.
Судлаачид энэ тал дээр яг хоёр хуваагдчихсан байгаа. Нэг хэсэг нь бүгд найрамдахчуудын талд орж, түүхээ давтсан нь зөв гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл хууль батлагдаж, шинэ системээр замнахаас өмнө бүгд найрамдахчуудтай тохироонд хүрэх ёстой гэж харж байгаа бол нөгөө хэсэг нь ардчилагчдын байр суурийг хамгаалж, Обамагийн оруулж ирсэн хуулийг баталж, асуудлыг хурдан шийдвэрлэх нь АНУ-ын ирээдүйд хэрэгтэй гэж харж байгаа. Аль нь ч байсан нэгэнт хаалгаа барьсан. Гэхдээ хэдий болтол вэ, гэдэг нь тодорхойгүй байгаа.
Одоогоос 18 жилийн өмнө болж байсан тэр үйл явдал руу эргэн очъё. 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Клинтоны засаг захиргаа эрүүл мэндийн даатгалын орчин болоод ирэх жилийн төсвийн талаарх баримт бичгүүдийг оруулж ирэв. Үүнээс болж конгресст ихээхэн маргаан дэгдэж тав хоногийн турш бойкот тогтоож байлаа. Үүнээс хойш нэг сарын дараа буюу 12 дугаар сарын 16-1996 оны нэгдүгээр сарын 6 хүртэл холбооны бүх л байгууллагууд хаалгаа барьж буйг албан ёсоор зарласан билээ. Нэг ёсондоо өнөө цаг үед болоод байгаа зүйлтэй сценари ч, шаардаж байгаа зүйл нь ч адилхан байсан гэсэн үг. Бас нэг ижилсүүлж байгаа зүйл нь хоёулаа ардчилсан намын хүмүүс, хоёулангийнх нь засагаллын үед конгресс бүгд найрамдахчуудын талд байгаа. Тухайн үед 21 хоногийн турш конгрессийн захиргааны байгууллагууд хаалгаа барьж байсан билээ. Үр дүнд нь холбооны байгууллагуудын үйлдэх ёстой бодлогын баримт бичгүүдийн 63 хувь нь дахин боловсруулагдах хэмжээнд хүрч, аялал жуулчлалаас олох орлого нь 50 гаруй хувиар буурч байлаа. Хамгийн том сөрөг үр дагавар гэвэл түүний эр хүнд унасан явдал. Тийм ч учраас түүнийг АНУ-ын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж чадаагүй ерөнхийлөгч гэж дүгнэдэг билээ. Намдаа нэр хүндээ алдаж эхэлсэн Клинтон пиар багаа үндсээр нь шинэчилж, ардчилсан намын зарим бодлогыг шинэчлэх дээрээ тулж байсан юм. Тэрээр 1996 онд дахин сонгогдож чадсан ч өмнөх нэр хүнддээ хараахан хүрч чадаагүй билээ.
Обамагийн тухайд гэвэл түүний нэр хүнд аль хэдийнэ унасан. Сирийн асуудал дээр гаргасан дипломат алдааны дараа түүний нэр хүнд унаж, зарим бодлогыг эрс шүүмжлэх дайсныг өөртөө далласан. Харин холбооны байгууллагуудын түр хугацаанд өрнөж байгаа ажил хаялт түүний нэр хүндэд хэр зэрэг нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.
Аравдугаар сарын 5-ны өдөр гэхэд бүгд найрамдахчуудтай ямар нэгэн тохироонд хүрэх ёстой. Хэрэв үгүй бол бүгд найрамдахчууд хаалга барилтаа үргэлжлүүлнэ. Обамагийн байр суурь бол ямар ч байсан шийдвэрээсээ буцахгүй гэдэг дээр байгаа. Хэрвээ түүний засаг захиргааны үзүүлэлтээс энэ үйл явдал хойш нь чангаана гэж харж байгаа бол Обамад тохироонд хүрэхээс өөр сонголт байхгүй.
Жич: АНУ-ын холбооны харьяан дахь 78 байгууллага хагас болон бүрэн ажил хаялтыг зарлаад байгаа. Мөн төрийн томоохон байгууллагуудын цахим хуудас хаалттай болсон төдийгүй. Музей болон түүхийн дурсгалт газрууд хаалгаа бариад байгаа билээ.