“Урт нэртэй” хууль бол сайн хууль

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

“Урт нэртэй” хууль бол сайн хууль

Ашигт малтмалын газрын дарга Ж.Батхуягтай уул уурхайн салбарын тулгамдсан асуудлаар ярилцлаа.

-Хамгийн их хэл ам дагуулж байгаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хууль, энгийнээр нэрлэж заншсанаар ”урт нэртэй” хуулийн талаар асуумаар байна. Одоо ер нь байдал ямар байна?

-Ер нь бол одоо ашигт малтмалын салбарт гарч байгаа хүндрэлтэй асуудал бол энэ урт нэртэй хууль. Энэ бол маш сайн хууль. Гэхдээ хэрэгжүүлэх арга механизм дээрээ гацчихаад байна. Улс орны эдийн засаг, бичил уурхай эзэмшигч буюу хувиараа алт олборлогч нинжа нартай холбоотой сөрөг үр дагавар маш их гарна. Зөвхөн одоо яригдаж байгаа 245 ашиглалтын лиценз, алтны зургаан шороон ордын зөвшөөрлийг цуцлахад хоёр их наяд төгрөгийн нөхөн олговор олгохоор болчихоод байна гэдгийг Д.Зоригт сайд хэлсэн. Үүнийг эдийн засаг маань яаж хүлээж авах вэ? Заавал энэ хэвээрээ явах уу, эсвэл өөр шийдэх гарц зам байна уу. Цуцлахаас өөр боломжгүй газруудын координатаа нарийвчлан тогтоогоод 100 хувь цэгцлээд явах бололцоо байна уу. Улс орны эдийн засаг, салбарыг бүхэлд нь эвгүй байдалд хүргэхээр ийм байдлаараа яваад байх уу гэдэг асуудлууд байна. Гэхдээ бид хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Координатаа тогтоох гэдэг дээр асуудал гарч байгаа юм болов уу гэж ойлгогдсон. Голын сав газарт гэхэд эх ундаргаас 200 метр газарт ашиглалт, олборлолт явуулж болохгүй гэсэн нэг ойлголт байгаа. Гэхдээ яг хориглосон газарт орд газар нь ороогүй байхад ус гол, ойн сангийн орчмын бүх газрын лицензүүдийг хавтгайруулаад цуцлах гээд байна гэсэн гомдол байсан?  

-Ойн сав, усны сав гэдэг ийм ийм газар, энэ координатаар тогтооно гэх мэтчилэнгээр хилийн заагийг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, усны хамгаалалтын газар, ойн сав газар гээд координат, градусаар нь Монгол Улсын газрын зураг дээрээ хилийн зааг тогтоох ёстой. Үүний дагуу энэ хил заагт нь тэр лицензт талбай багтаж байна уу үгүй юу гэдгийг үзээд шийдэх ёстой. Мөн ойн, сав усны сав газарт нь экологийн мониторинг хийх ёстой. Энэ үндсэн дээр экологийн ямар хор хохирол учруулсан, цаашид ямар хор хохирол учруулахаар байна гэдгийг нарийвчлан тогтоож, үүнтэй уялдуулсан байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг тогтооё гэсэн чиглэлээр бид ажиллаж байсан. Ингээд урт нэртэй хууль гарч ирснээр хэрэгжүүлэх механизм дээр асуудал гарч ирээд байна. Муу хууль биш л дээ, санаа, агуулга маш сайн хууль. Гэвч шууд лицензүүдийг түс тас цуцлаад нэгэнт хөрөнгөө оруулаад хайгуулаа хийгээд явж байсан, төр ашиглалтын лицензээ өгчихсөн компанийг яах вэ? Олон жилийн бизнес төлөвлөгөө гаргаад хөрөнгө оруулалтаа хийгээд явсан компанийг буруутгах аргагүй болчихоод байгаа юм. Тэгэхээр үүнийг ч бас шийдэх л асуудал.

-Координатаа нарийвчилж гаргаж чадахгүй байгаа юм уу?

-Байгаль орчны яамнаас координат гаргах ажлыг хийсэн, хийж байгаа. Гэхдээ үүнийг нь Засгийн газар тогтоол гаргаад ч юм уу эрх зүйн чадамжтай байгууллага нь баталгаажуулж гаргаж ирэх ёстой. Баталгаажуулах ажил нь бас өөрөө их нарийн төвөгтэй. Бүх гол горхийг дагаад 200 метр гэдэг координатыг яаж авах юм бэ, ширгэчихсэн байгаа гэх гол горхи сэргэх боломжтой юу гэх мэтчилэн нарийн гаргаж ирэх ёстой.

-Яг тогтоосон хориглосон, координатад нь багтсан багтаагүй гэсэн асуудлыг л нарийвчилж чадахгүй байна гэсэн асуулт гарч ирээд байна л даа. Тухайлбал, одоо цуцална гэж яригдаад байгаа 1170 лиценз бүгд ой болон усны сав газрын хамгаалалтын координатад нь орсон байна уу, үгүй юу гэж?

-Урьдчилсан байдлаар 1170 гэсэн тоо яригдаад байгаа. Багасч, ихсэх гэх мэтээр нааш цааш хөдөлж байгаа.  Яг эцсийн байдлаар одоо нарийн тоо нь гарч ирэх ёстой юм. Тэгэхээр ажил нэлээд цэгцэрнэ.

-Тухайлбал, Хөшөөтийн уурхай гэхэд лиценз цуцлах тоонд орчихсон байна гэх юм. Тэр орд яг усны хамгаалалтын сав газарт байдаг юм уу?  

-Яг хаанах орсныг хэлж мэдэхгүй байна. Координат нарийвчлан гарсны дараа хэлэх боломжтой. Орсон ороогүй гэдэг нь нэг асуудал. Координат гаргаж ирээд хараад зөвшөөрөгдөхгүй талбайд орчихсон байх юм бол тухайн ордынх нь хэдэн хувь нь орж байна вэ гээд хэлэхэд нэг хэрэг. Одоо хэлэхэд хэцүү асуудал.

-Таныг ч бас урт нэртэй хуультай холбоотой асуудлаар буруутгаж, шалгаж байгаа. Тухайлбал, урт нэртэй хууль гарсны дараа мөнөөх ой, усны сав газарт нь 197 лиценз нэмээд олгочихжээ гэж…?

-Нэгдүгээрт, энэ ажлыг хийж байгаа хүн төрийн хууль, дүрмийн дагуу шалгуулахаас татгалзах эрх байхгүй. Шалгах ёстой байгууллага нь шалгах ёстой.
Хоёрдугаарт, хууль бус зүйл хийгээгүй гэдэгтээ би өөртөө итгэлтэй байгаа. 

Гуравдугаарт, ойн болон усны сав газарт 192 лиценз олгосон гэх нь хууль эрх зүйн ямар ч боломжгүй зүйл. Одоо шалгах ёстой байгууллага нь шалгаж байна. Өөр зүйл хэлэх боломж байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж