
Энд нийтийн өмчийн ойлголтыг цэгцэлж хуульчлах, байгаль орчны нөлөөллийг тооцох, хуулийн хариуцлагын тогтолцоог чангатгах гэх мэт олон санал яригдсан. Өмнө нь ч яригдаж л байсан. Харин энэ удаад танхимд цугларагсад Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн сайжруулах шаардлагатай гэдэг дээр ерөнхийдөө санал нэгдэж байх шиг байсан. Ашигт малтмалын тухай хуулийг үндсэн гол зарчмуудаа тунхаглан нарийвчилсан бусад асуудлуудыг Татварын, Ажиллах хүчний гэх мэт бусад хуулиудад өөрчлөлт хийх замаар зохицуулья ч гэсэн санал сонсогдох.
Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Ч.Лхагважав Нийтийн өмчийн хамгаалалтын хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж, цаашилбал нийтийн өмчийн асуудал хариуцсан прокурортой болох хэрэгтэй гэсэн санал гаргасан. Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Наран “Төрийн өмч бол ард түмний өмч биш” хэмээгээд тухайлбал Оюутолгой, Тавантолгойн асуудал дээр төрийн өмчийн нэг компани байгуулагдаад ард түмнээсээ өмч нь харин ч алсраад явчихаж байгааг сануулав. Мөнхүү хуульд заавал стратегийн орд газар гэж тусгах ёстой юу, стратегийн бүтээгдэхүүн гэж томьёолох ёстой юу гэх мэт олон асуудал гарч ирж байсан.
Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 27-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, ашигт малтмалын лиценз олгохыг түр зогсоох чиглэл өгсөн. Харин гурав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 30-нд энэ “түр зогсолт”-ийн хугацаа дуусна. Түүнээс хойшхи нэг жилийн хугацаанд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах асуудал бараг өдөр болгон хонх таталж байсан ч бас л нэгдмэл дүгнэлтэд хүрээгүй л байна. Одоогоор хуульд өөрчлөлт оруулах нэг бус төсөл боловсруулаад байгаа. Гэхдээ энэ бүх төслийг нэгтгэж, нарийн шүүлтүүр хийж санаа оноогоо тусгах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа аж. Тулгамдаж байгаа асуудлуудыг тоочвол мэдээж уртын урт жагсаалт гарна, хоёр өдрийн хэлэлцүүлэг ч багадна. Ямар ч гэсэн хууль санаачлан УИХ-д өргөн барих эрхтэйн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч хамтдаа хэлэлцсэн хуулийн төслөө өргөн барина гэдгээ ямар ч гэсэн эцсийн байдлаар хэллээ. Мэдээж, сайтар нягтлан хэлэлцэх ёстой гэсэн тод тодотголтойгоор. Хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ.