
АНУ-ын Конгрессийн Сенатын танхим 10 сарын 1-нээс өмнө төсвөө батлах ёстой байсан ч Америкийн цагаар шөнө дунд өнгөрч байхад сөргөлдөгч талууд шийдэлд хүрч чадаагүй тул холбооны агентлагуудын үйл ажиллагааг зогсоож, дэс дараалан хааж эхэлсэн байна.
Сенатын танхимын 100 гишүүний 54 нь АНУ-ын ирэх жилийн улсын төсвийг батлахаас татгалзсан аж. АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийн тухай хуулийг санхүүжүүлэхийг эсэргүүцэн, улсын төсвийг батлах хэлэлцүүлэгт маргаан дэгдээгээд байгаа юм. Ийнхүү АНУ-ын Засгийн газар 700 мянга гаруй ажилчдадаа түр хугацааны цалингүй амралт олгож, тараахад хүрсэн байна. Түүнчлэн Нэгдсэн улсын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш хувьцааны ханш савалж эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ талаар “Конгресс дахь хэсэг бүгд найрамдахчууд эрүүл мэндийн шинэчлэлтийн хуулийг барьцаалж, улсын төсвийг батлахаас татгалзан, Засгийн газрыг хаахад хүргэлээ” хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа үүнээс өмнө 17 жилийн тэртээ 21 хоногийн хугацаанд түр зогсож байсан түүхтэй аж.