Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 27

Тэмдэглэлт өдөр
 
Өнөөдөр Финляндад Ахмад дайчдын Үндэсний өдрийг (National Veterans Day) тэмдэглэж байна. Анх удаа энэ арга хэмжээг 1987 онд тус орны тусгаар тогтнолын 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэжээ.

Словенийн Чөлөөлөх фронтын өдөр гэсэн баяраар словеничууд Дэлхийн II дайны үеийн эсэргүүцлийн хөдөлгөөний дайчдыг дурсдаг. Любляна хотноо 1941 оны дөрөвдүгээр сарын 27-нд Үндэсний чөлөөлөх фронд байгуулагджээ.      

Энэ өдөр төржээ

Зөвлөлт, Оросын театр, киноны жүжигчин Евгений Моргунов (1927.04.27-1999.06.25)

Евгений Александрович Моргунов 1927 оны дөрөвдүгээр сарын 27-нд Москва хотноо төржээ. Тэрээр 14 настайгаасаа үйлдвэрт ажиллаж байгаад 16 настайдаа Сталинд захиа бичин театрын сургуульд оруулж өгөхийг гуйжээ. Тэр нь бүтсэн гээд бод доо! Эхлээд тэр Таировын нэрэмжит театрын дэргэдэх сургуульд суралцаж байгаад Бүх холбоотын киноны дээд сургуульд нэртэй найруулагч Герасимовын ангид суралцжээ.

Оюутан байхдаа Александр Столперын “Өдөржин шөнөжин” кинонд тоглосон байв. Багш Герасимовынхаа “Залуу гварди” (1948 он) киноны Стаховичийн дүрд тоглосон нь түүний кино карьерын эхлэл гэгддэг. Энэ кино нь тухайн үедээ сенсаац болж, хү­мүүс кино театрыг дүүргэх болсон бөгөөд най­­руулагч нь тухайн цаг үеийн бүхий л шагналыг хүртэж байлаа. Энэ киноны дараа Моргунов хэсэг хугацаанд мартагдсан байлаа.

Евгений Моргунов нийтдээ 100 гаруй дүрийг кинонд бүтээснээс Леонид Гайдайн “Барбос нохой ба ер бусын уралдаан” гэсэн богино хэмжээний кино  түүнийг алдаршуулж эхэлжээ. Түүнийг дэлгүүр хоршоо, метронд бүгд таньдаг болсон нь амьдралд нь архи гэсэн нэгэн зовлонг авчирсан байв.  Никулин-Вицин-Моргунов гэсэн гурвал Гайдайн инээдмийн кинонуудын дараа үзэгчдийг байлдан дагуулж чаджээ. Мөн тэрээр “Гурван бүдүүн”, “Алдагдсан цагийн үлгэр”, Покровскийн хаалга” зэрэг кинонуудын гол дүрүүдийг бүтээсэн байв. Амьдралынхаа сүүлчийн жилдээ “Миний өвөөгийн эзэнт улсын эрдэнэсийн өв” кинонд Холливудын жүжигчдийн хамт хамтралын даргын дүрийг бүтээн америк үзэгчдэд таалагдаж байжээ.

Евгений Моргунов дөрвөн кино зохиол бичин өөрөө тэднийг найруулж байсан аж. Тэрээр 1962 онд Михаил Шолоховын “Казакууд уйлах үеэр” өгүүллэгээр анхны киногоо бүтээжээ. Жүжигчин 73 насандаа 1999 оны зургадугаар сарын 25-нд Москва хотноо нас баржээ.

Энэ өдөр таалал төгсжээ

Matsushita Electric Industrial (Panasonic) корпорацийг үндэслэгч Коносукэ Мацусита (1894.11.27-1989.04.27)
 
Коносукэ Мацусита 1894 оны арван­нэгдүгээр сарын 27-нд Вакаяма (Япон) хотод олон хүүхэдтэй айлд төржээ. Хүүг дөрөв хүрэхэд тэдний гэр бүл ядуурч том байрнаасаа жи­жиг­хэн бай­шинд суу­жээ. Есөн на­сан­даа тэрээр сургуулиа ор­­хиод модны нүүрс бэлт­гэх үйлдвэрт ажилд оржээ. Тэнд хүү токарьчин болжээ. Коносукэ тэр үеэр дөнгөж гарч ирээд байсан цахилгаан эрчим хүчийг сонирхон Osaka Electic Light Company компанид цахилгаанчны туслах болов. Тэрээр карьерын шатаар амжилттай урагшлан бай­цаагч болсон  ч өөрийн бизнесээ хий­хээр шийджээ. Osaka Light компанид долоон жил ажилласны эцэст 1918 онд өөрийн Matsushita Electrical Company-ийг нээсэн байв. Дүрмийн хөрөнгө нь 50 доллар байжээ. Компани нь чийдэнгийн патрон ба залгуур хийж эхэлсэн байна. Анхны хэдэн бүтээгдэхүүн нь гүйлгээгүй байснаас ажилтнууд нь халагдаж, эхнэр ба эхнэрийн хамаатны хамт гурвуулаа үлдсэн байв.

Бизнесмен өөрийн цахилгаан бүтээг­дэ­хүү­ний дизаинаар оролдож эхэлсэн байна. Удал­гүй Kawakita Electric компаниас анх­ны том захиалга ирлээ. 1000 ширхэг тусгаарлагч хавтанг бүтээх хэрэгтэй байв. Тухайн үед гайгүй гэгдэх анхны 160 иенийн орлого орж иржээ. Мацуситагийн хурдан шаламгай байдал захиалагчид таалагдсан учир дахин том захиалга өгсөн байна.

Зах зээлд тэдний компани 1922 онд нэв­тэрч чадлаа. Унадаг дугуйны зайтай чийдэнг тэд анх санал болгосон байжээ. Хожим тийм чийдэн нь гэрийн керосин дэнг солин ихээхэн хэрэглээтэй зүйл болсон байна. Тэгээд л Мацусита ширээний чийдэн үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. Дараа нь Matsushita Electric Industrial компани Philips концернтай хамтарч теле, радио төхөөрөмж хийх болжээ. Хэсэг хугацааны дараа  Matsushita Electric Industrial-Panasonic  гэх шинэ брэнд гарч ирсэн юм. Мацусита өөрийн корпорацийг 1980-аад оны дунд үе хүртэл удирдаж, дэлхийн бизнесийн томоохон төлөөлөгч нарын нэг болсон юм. Өдгөө Matsushita Electric Industrial компани дэл­хийн 50 гаруй оронд салбартай юм. Ажиллагааных нь хүрээ ахуйн цахилгаан барааны бүх салбарыг хамардаг байна. Коносукэ Мацусита 1989 оны дөрөвдүгээр сарын 27-нд нас баржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж