
УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан ч олигтой үр дүнд хүргэж чадсангүй. Гэвч өнөөдөр УИХ-ын энэ намрын ээлжит чуулган албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар олон чухал хуулийн төслийг хэлэлцэхээр зэхсэн. Харин ээлжит бус чуулганыг удирдсан шигээ эцэж ядарсан мэт эсвээс эв нэгдлийн билэг тэмдэг мэт ажил хэрэгч бус, хурд багатай ажиллавал зорилгодоо хүрч чадах эсэх нь эргэлзэээтэй. УИХ-ын даргын сэнтий эрхэм хүндтэй, тэнд тухалсан хүнийг зэмлэх амархан ч үе үеийн спикерүүд дандаа лидерүүд байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. З.Энхболдын хувьд намынхаа лидерүүдийн нэг, сумны зэв мэт хурц хэрнээ эм шиг гашуун үгтэй шүүмжлэл нь үнэнийг өгүүлдэг байсан гээд олон сайн талтай. Харин энэ удаад түүнийг УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан нь зөв алхам болсон ч хариуцлагагүй хандаж үр дүнд хүргэж чадсангүй гэх шүүмж дагасаар буй. Өнөөдөр нээлтээ хийх энэ удаагийн намрын чуулган парламентын бүрэн эрхэт хугацааны нэгээхэн том хэсэг учраас тун ач холбогдолтой, хариуцлагатай. Сонгуулиас хол энэ цаг үед л УИХ улс орны амин чухал асуудал, хууль тогтоомжуудыг нягт нямбай хэлэлцэн батлах учиртай билээ. Тиймээс З.Энхболд ямар хэмжээний “өндөрлөг” болохоо гүнээ ухамсарлан ажил хэрэгч, эрч хүчтэй ажиллана гэдэгт олон нийт итгэж байна.
У.ОРГИЛМААЭх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин