
Барималч гэргийгээ ийнхүү дүрслээд “Хайр ба байгаль” гэж нэрлэсэн байна. Хөл хүндтэй бүсгүй ялдам дөлгөөн. Хэвлий дэх үрээ хайраараа бүүвэйлэх түүний харцнаас л бүгдийг нь уншиж болохоор. Уран бүтээлч залуу хайртай эхнэрээ, эх хүнийг, эх байгалиа гэсэн хайрын сэтгэлээр энэхүү хөрөг баримлыг бүтээжээ гэхээр.
Хаанбанкинд байрлах МУЗ-ийн “Улаан гэр” галерейд нээгдсэн түүний “Огт оргүй” үзэсгэлэн ердөө долоон үзмэртэй. Амьдрал, хайр, байгалийн тухай тэрбээр хэрхэн өгүүлснийг очиж сонирхоорой. Зохион байгуулагч МУЗ-ийнхөн “Байгаль өөрөө хүчирхэг. Хүчирхэг болохоор туульслаг. Энэ бүхний тухай бодол “Огт+Оргүй” гэсэн үгтэй өөрийн эрхгүй намайг холбоно. Магадгүй бүхний учрыг тайлахаас илүү өөрийн сэтгэлгээн дэх хүчирхэг гоо сайхныг мэдрэх, бүтээх нь миний үүрэг” хэмээн түүний хэлсэн үгээр үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочдыг угтсан юм.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин