
Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани АНУ-ын зах зээлд нийлүүлдэг тансаг ангиллын машиныхаа худалдааг зогсоож байгаа талаар зарласныг “BBC” агентлаг дамжууллаа. АНУ-ын хэрэглэгчийн байгууллага “Lexus GHX 460” машин эрсдэлтэй тул худалдаж авахгүй байхыг сануулж зарласны дараа тус компани ийм шийд гаргасан байна. Тус байгууллага хамгийн сүүлд 2001 онд “Toyota Motor” компанийн машиныг эрсдэлтэй гэж байсан юм. “Toyota Motor” компани машин нь ямар ч асуудалгүй гэдэгт итгэлтэй байгаа гэж мэдэгдсэн хэдий ч хэрэглэгчдийн санааг зовоох асуудал байгаа эсэхийг нягтлан тодруулахаар ийнхүү ийм загварын машины худалдаагаа зогсоосон байна. Машин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани гэмтэлтэй хурдасгуурын педаль, шалны резин тоормосны педалийг засварлах гэж байгаа учир дэлхий даяар найман сая автомашинаа эргүүлэн татаж байсан юм.
Хэрэглэгчийн тайланд “Lexus GX 460”–ын талаар “Бүү худалдаж ав: аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй” гэж дүгнэлт өгсөн байна. “Туршилтын тусгай зам дээр энэ машиныг сориход өндөр хурдтай явж байхад машин хяналтаас гарч, хажуу тийшээ шарваж, бараг хажуугаараа эргэсний дараа л цахим тогтвортой байдлын систем ажилласан” гэж тайланд бичсэн байна. Тэгээд “Хэрвээ бодит байдалд ингэж давхисан бол жолооч болон зорчигчид амиа алдахад ч хүргэж болох байсан” гэжээ. Гэхдээ одоогийн байдлаар ийм осол АНУ-д бүртгэгдээгүй байгаа талаар тайланд мөн дурдсан байв.
“GX 460” загвар нь АНУ-д худалдаанд гараад гурван сар болж байгаа бөгөөд хэрэглэгчийн байгууллагын үзэж байгаагаар таван мянга гаруй ширхэг зарагдсан бололтой. Энэ талаар гаргасан мэдэгдэлдээ “Toyota Motor” компани “Манай инженерүүд дээрхтэй төстэй тест машинууд бодит амьдрал дээр яаж хариу үйлдэл үзүүлэхийг судлахад сайн дүн гарч байсан. Гэсэн хэдий ч бид Хэрэглэгчийн тайлангийн хийсэн тесттэй төстэй сорилт явуулж, шаардлагатай бол зохих арга хэмжээг авах болно” гэж мэдэгдсэн байна.
“Toyota Motor” компанид одоогийн байдлаар АНУ-ын Тээврийн департамент 16.4 сая ам.долларын торгууль тавин, согогтой хурдасгуурын педалийнхаа талаар цагт нь захиргааны байгууллагуудад мэдээлээгүй гэж буруутгаад байгаа юм. Торгуулийг төлөх үү, шүүхээр заалдах уу гэдгийг энэ долоо хоногийн эцэс гэхэд тус компани шийдэх ёстой байгаа.
Т.Санаа