Тарьсан ногооныхоо талыг нь хөлдөөж хаях уу

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Тарьсан ногооныхоо талыг нь хөлдөөж хаях уу

Намар гэдэг ид ажлын улирал дуусах дөхөж байна. “Атрын III” аян эхлүүлсэн цагаас хойш монголчууд дотоодынхоо хэрэгцээний хүнсний ногоог боломжийн хангах хэмжээнд хүрсэн. Гурилын үйлдвэрүүд ч сэргэж улаан буудайн хэрэгцээгээ хангахаас гадна гадаад руу экпортолдог болсон гээд ололттой тал их. Жилээс жилд авах ургацын хэмжээ нэмэгдэж буй. Зөвхөн төмс, байцай, лууван, манжингаар хязгаарлагддаг байсан тариалалт хүрээгээ тэлж цэцэгт байцай, сармис, чинжүү гээд бүхий л төрлийн нарийн ногоог эх орныхоо хөрсөнд ургуулж байна. Сүүлийн үед цагаан будаа тарихаар туршиж байгаа гээд дэвшил гарч буй нь сайшаалтай. Гэвч нэг л зүйл тариаланчдын санааг зовоож байна. Хөлс хүчээ шингээн байж тарьсан ногоогоо хадгалах зоорь байдаггүй нь том асуудал аж. Өдгөө улсын хэмжээнд 170.3 мянган тоннын багтаамжтай 3100 зоорь байдаг ч хүрэлцдэггүй. Уг нь таван жилийн өмнө Японы тусламжаар төмс, хүнсний ногоо хадгалах зоорь барих төсөл хэрэгжүүлж Сэлэнгэ аймгийн хэд хэдэн өрх хамрагдаж гурван сая төгрөгөөр 25 тоннын багтаамжтай зоорьтой болжээ. Харин өдгөө зоорь агуулах сав барих төсөл хөтөлбөрийн сураг тасарсан. Тэгээд ч одоо цагт дээрх хэмжээний зоорийг хамгийн багадаа 10 сая төгрөгөөр барих тооцоо гарчээ. Материал хэрэгцээт зүйлийн үнийн өсөлт харьцангуй их нэмэгдсэн гэж тариаланчид ярилаа. Иймээс намрын ногоон өдрүүдийн хүрээнд нийслэлийнхэнд ахиухан ногоо зарахыг л хичээдэг болсноо нуугаагүй. Ургацын хишиг өдрүүдээр тарьсан ногоогоо шимтэй байхад нь борлуулж чадвал тариаланчдыг азын тэнгэр ивээлээ гэсэн үг. Учир нь илүү гарсан ногоогоо зүгээр л хөлдүүс болгоод хаяхаас аргагүйд хүрдэг учраас тэр.

Тариаланчид зоорины эрэлд морджээ

Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэж монголчууд хэлэх дуртай. Гэтэл сүүлийн үед сааль нь ихдээд сав нь багадаад байдаг боллоо. 2009 онд 89000 тонн төмс, хүнсний ногоо тарьсан бол 2013 онд 173.6 мянган тонн болж нэг дахин нэмэгджээ. Ургацын хэмжээ нэмэгдэхийн хэрээр хадгалах агуулах, зоорь барих, сэргээн засварлах ажилд анхаарсан гэж салбарын яамных нь холбогдох баримт бичигт тэмдэглэсэн байна. Гэвч тариаланчид зоорины эрэлд хатсан хэвээр. 2011-2012 онд зоорийн багтаамжийг 40.3 мянган тонноор нэмэгдүүлжээ. Харин энэ жил Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Ховд, Увс, Орхон, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймагт хэдэн сумын дунд 8500 тоннын багтаамжтай зоорь барихаар төлөвлөсөн ч ирэх жилээс наашгүй юм байх. Учир нь Засгийн газар энэ жил зоорь барихад зориулж хоёр тэрбум 630 сая төгрөг амлачихаад төсөв хүндэрсэн гэх шалтгаанаар мөнгө өгч чадахгүйд хүрчээ. Гэхдээ энэ мөнгийг ирэх онд шилжүүлэх тухай ярих болсон байна. Ийм мэдээллийг хариуцсан мэргэжилтэн нь өгч байсан. Мөнгө нь саатсан ч тендер зарлаад гэрээ хийж байгаа аж. Уг нь төлөвлөсөн ажлаа хугацаанд нь амжуулчихсан бол тал ургацаа хөлдөөх дээрээ тулахгүй байсан гэж холбогдох мэргэжилтэн нь ярьж байгаа юм. Энэ онд Засгийн газрын төлөвлөсөн сум дундын зоорийг барьчихсан бол тариаланчид намрын ногоон өдрүүдээр шуудайныхаа ёроолыг хоослох гэж амьсгаадахгүй байсан биз. Харин одоо өвлөөс урьтаж ногоогоо зарахаар үнээ хямруулан зүтгэж байна. Арга ч үгүй юм. Хавар, намаржин хийсэн хөдөлмөрөө хог болгохыг хэн хүсэх билээ. Зоорьтой бол ирэх хавар хүртэл монголчууд нутгийнхаа хөрсөнд ургасан шимтэй ногоогоор ходоодоо бордох боломжтой байв. Гэтэл зоорь барих ажил ирэх жил хүртэл хойшилж тарьсан ногооныхоо талыг хөлдөөхөд хүрч мэдэх нь.

“Гацуурт” компанийнхан амлалтаасаа ухарч ажил нураав

Улаанбаатар хотод “Гацуурт” компани 30 мянган тоннын багтаамжтай  зоорь барих үүрэг хүлээсэн ч амжихгүй гэсэн шалтгаанаар ажлаасаа татгалзжээ. Засгийн газрын төсөвлөсөн мөнгө саатах сургаар “Гацуурт”-ынхан гар өргөн авсан ажлаасаа чимээгүйхэн мултарсан байх юм. Улаанбаатар хотод зоорь барьчихсан бол Сэлэнгээс бага багаар ногоо зөөж шатахууны зардал гаргахгүй гэж нэгэн ногоочин эмэгтэй ярьсан. “Гацуурт” компанийнхан амласандаа хүрсэн бол тариаланчдын ажил хамаагүй хялбар байх байж. Зарим нэг хариуцлагагүй хүмүүсийн балгаар ажил цалгардсаар. Тариаланчид дараа жилийг хүлээхээс өөр аргагүй боллоо. Дараа жил тариалалт дахиад нэмэгдэх нь мэдээж. Дахиад савны эрэлд мордох болох вий. Намар шимтэй ногоогоор халгиж, өвөл нь хатаж өгөршсөн хятад төмсөөр аргацааж үдсээр залхаж байна. Жилийн дөрвөн улиралд шимтэй ногоо идэх эрх иргэдэд байх учиртайсан.

Б.ГАНДОЛГОР

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж