Улсын заан Ж.Ганболд Спортын төв ордны газраас хумсалжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Улсын заан Ж.Ганболд Спортын төв ордны газраас хумсалжээ

-Газраа алдсан Спортын бэлтгэлийн төвийн удирдлагууд энэ асуудлаар аудитын шалгалт оруулна-

Манай сонины өчигдрийн дугаарт Спортын төв ордон түрээсийн балгас болчихоод буй тухай сурвалжлагыг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад Спортын төв ордны мэдлийн газрыг эрх мэдэлтнүүд авчихаад буй тухай сурвалжлагыг хүргэж байна.

Спортын төв ордон хотын “А” бүсэд багтдаг гэдэг утгаараа сөөм газар нь хүртэл хэдэн зуун саяар үнэлэгддэг гэх мэдээлэл бий. Мөн энэ хавьд газар авахыг хүссэн иргэн албан тушаалтнуудад багагүй хэмжээний авлига өгдөг бөгөөд барагтай айлын хүү авч чадахгүй гэсэн яриа байдаг юм. Тэгвэл нэг ам.метр нь хэдэн зуун саяар үнэлэгддэг гэх энэ хавийн газар бүхэлдээ эзэнтэй болчихоод байгаа аж. Зөвхөн Спортын төв ордны ард л гэхэд арав гаруй давхар орон сууцны барилга сүндэрлэсэн бол түүний урд автомашины гарааш мөн баар цэнгээний газар, сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулсаар байна. Биднийг өчигдөр 11:00 цагийн үед Спортын төв ордны ард барьсан шинэ орон сууцанд очиж, оршин суугчдаас нь энэ барилгыг ямар компани хэзээ барьсан талаар тодруулах гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн олдоогүй. Тухайлбал, тус байрны цэвэрлэгч  бүсгүй л гэхэд “Би энэ тухай мэдэхгүй. Энэ байрыг бариулсан орон сууцны конторыг ч мэдэхгүй. Энэ хавьд л лав байхгүй. Би энд өнөөдөр л ирж байгаа. Өмнө гарч байсан цэвэрлэгч өвчтэй гэсэн болохоор би ирсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин оршин суугчид нь “Бид сайн мэдэхгүй байна. Манай байр хоёр гурван жилийн өмнө ашиглалтад орсон гэсэн. Манайх бол саяхан нүүж ирсэн. Харж байхад манай байранд спортын томчууд их байдаг бололтой юм билээ. Тэгэхээр тэр хавийн хүмүүс л бариулсан байх” гэсээр цааш одсон.

Ингээд бид Спортын төв ордны мэдлийнх байж байгаад Нийслэлийн биеийн тамир спортын хорооны дарга, улсын заан Ж.Ганболдын мэдэлд очоод буй гэх “Спорт цогцолбор”-т очсон юм. Спортын төв ордноос зүүн тийш хэдхэн метрийн зайд байрлах уг цогцолборт уг нь Монголын гимнастикийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ спортод элэгтэй хүмүүсийн хөл тасардаггүй газар юм байна. Гэвч өдгөө энэ байрны зарим хэсэг болон газар нь Нийслэлийн биеийн тамир спортын хорооны дарга, улсын заан Ж.Ганболдын мэдэлд очсон аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр “Спорт цогцолбор”-ын байрыг түрээслэх нэрээр мэдэлдээ авсан хэмээж байгаа юм. Иймээс бид түүнтэй уулзаж, зарим мэдээллийг тодруулахаар жижүүр эмэгтэйтэйгээс нь лавлалаа. Гэвч тэрбээр “Энд Ж.Ганболд зааны ажлын өрөө байдаг нь үнэн. Гэхдээ одоо байхгүй. Солонгос руу хүүхдээ эргэхээр явсан” гэсэн юм. Иймээс бид Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатартай мөн уулзлаа. Тэрбээр “Яг наад асуудал чинь одоо анхаарал татаж байна. Манайх газраа алдаад байгаа нь үнэн. Иймээс аудит оруулсан. Гэтэл квадратын зөрүү гэдэг бас нэг асуудал гарч ирээд байгаа. Нэлээд асуудал дагуулж мэдэхээр юм билээ. Бүх зүйл тодорхой болохоор та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэсэн юм.

Бидэнд олдсон мэдээллээр Ж.Ганболд дарга “Спорт цогцолбор”-ын байрыг түрээсэлж байхдаа чамгүй том хэмжээний талбай түрээсэлсэн хэрнээ ам метрийг нь бага хэмээн хуурамчаар  бодож мөнгө өгч байсан мөн албан тушаал эрх мэдлээ ашиглан Спортын төв ордны газраас багагүй хэсгийг авсан юм байна. Бид жижүүр эмэгтэйгээс түүнийг “Спорт цогцолбор”-ын аль хэсэгт оффис нь байдаг талаар асуухад “Энэ талаар хэлэх боломжгүй. Одоогоор эзэнгүй байгаа” гэсэн хариултыг өгч байлаа. Уг нь “Спорт цогцолбор” төв гаднаа автомашины том зогсоолтой. Гэвч энэ талбай өдрөөс өдөрт багасч буй бөгөөд тус цогцолборын урд жигүүрт буудал, зоогийн газар байдаг  бол хойд хэсэгт нь гимнастикийн заал, хоёрдугаар давхарт нь түрээслэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харин гаднах талбайд нь “Теннис билльяард” гэсэн хаягтай модон байшин барьж байсан юм. Бид энэ асуудлаар эргэн сурвалжилж холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг хүргэх болно.

Л.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж