Намрын чуулганаас юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.01-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаас юу хүлээх вэ?

Монгол Улсын нэгдсэн төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарсан, гадаад өр 15.3 тэрбум ам.долларт хүрсэн, Оюутолгойн далд уурхай зогссон, валютын ханш 1700 ам.долларт хүрсэн зэрэг олон таагүй үйл явдал дунд өнөөдөр УИХ намрын чуулган нээлтээ хийж байна.

Гэхдээ энэ олон таагүй үйл явдлын суурийг өнөөдрийн хууль тогтоогчид өөрсдөө тавьсныг сануулах учиртай болов уу. Учир нь парламентад суугаа нийт гишүүдийн 60 гаруй хувь өмнө УИХ-ын гишүүн байсан хуучцуул төдийгүй хамтарсан Засгийн газарт алба хашиж байсан сайдууд юм. Хэдийгээр тэд өнөөдрийн эдийн засагт үүссэн бэрхшээлийг бие биедээ тохож суугаа ч алдаатай бодлогыг өөрсдөөс нь өөр хэн ч батлаагүйг хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн гаргасан алдаагаа одоо давтахгүйн төлөө үзэл бодлоо нэгтгэж ажиллаж чадвал, улсын язгуур эрх ашгийг хамгаалсан, ард иргэдийн амьдралд нийцэхүйц хууль батлагдана. Тэр цагт намрын чуулган зорилгодоо хүрнэ.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн тэргүүнд ээлжит бус чуулганаас шилжиж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүд жагсч буй юм. Эдгээрээс Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэгт ирээд байгаа бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь анхны хэлэлцүүлгийн шатанд, “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээс төслийн хэлэлцүүлэг эхлэх болж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр төслийн хэлэлцүүлгийг урагшлуулахад намын бүлгүүд зөвшилцөх шаардлагатай төдийгүй Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг мөн зэрэгцүүлж хэлэлцэх шаардлага үүсч буй юм. УИХ-ын даргын зүгээс эдгээр төслүүдийг Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхлэхээс өмнө батална хэмээн мэдэгдсэн. Тиймээс хөрөнгө оруулалтыг татахад гол үүрэг гүйцэтгэнэ гэх найдвар төрүүлж буй дээрх төслүүд энэ сард батлагдах цаг хугацаанд шахагдана гэсэн үг. Үүний дараагаар УИХ Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэлнэ.

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл одоогоор Засгийн газрын төвшинд хэлэлцэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Засгийн газрын хуралдаанаар эл төсөл хэлэлцэгдсэн ч хараахан парламентын босго давах хэмжээнд хүрээгүй учраас энэ долоо хоногт дахин “усыг нь” шахахаар сайд нар ажиллах бололтой.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөв 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, улсын төсөвт цоорхой үүсээд байгаа тул төсөвт тодотгол хийхээс аргагүй боллоо гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд энэ оны төсвийн тодотгол цаг үеийн шаардлагаар ороод ирэхийг үгүйсгэх аргагүй байна. Гэхдээ Засгийн газар 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхгүй байхаар зоригловол 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ чангахан батлахаас аргагүй. Тэр тусмаа төр тэвчиж болох бүхий л зардлуудаа танаж бүсээ чангалах талд ажиллахгүй бол “Үр ашиггүй зардлууд нь төсвийн тухай хуулиа зөрчихөд хүргэж байна” гэх зөвлөмжийг олон улсын байгууллагуудаас өгөх болсон төдийгүй гадаад зах зээлээс хөрөнгө босгохдоо анхааралтай хандахгүй бол гадаад өрийн хэмжээ төсөвт дарамт учруулж, зээлийн зэрэглэлийг бууруулж болшгүй байгааг сануулах болсноос үзвэл 2014 оны нэгдсэн төсвийн тухай хууль парламентын төвшинд ширүүхэн хэрүүл өрнүүлж болзошгүй байна.

УИХ-ын төвшинд “хэрүүлийн алим” өнхрүүлэх бас нэгэн төсөл нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болж буй юм. Эл төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Тус төсөлд инфляцийг нэг оронтой тоонд буюу найман хувьд барихаар тусгаад байна. Уг нь УИХ-аар өнгөрсөн жил мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад “2013 онд инфляийг нэг оронтой тоонд буюу найман хувьд барина. Улмаар 2014 онд инфляцийг зургаан хувь руу буулгана” гэх амлалтыг өнөөгийн төв банкны ерөнхийлөгч өгч байв. Харамсалтай нь, зах зээлд нийлүүлэгдэж байгаа бэлэн мөнгө нь ардаа ямар ч валют болох баталгаагүйгээр хэвлэгдсэн нь эргээд инфляийг хөөрөгдөж, ам, долларын ханшийг хадаасан төдийгүй иргэдийн гар дээр авч байгаа цалинг үнэгүйдүүлж, төгрөгийн ханшийг сулруулсан. Хэрэв зээ, хөрөнгө оруулагчид Монголд эргэж иртэл цаг хугацаа шаардаж, мөн УИХ алт олборлолтыг нэмэгдүүлэх талд шийдвэр гаргахгүй цаг алдвал төв банкны зүгээс инфляцийг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс аргагүй болно. Гэхдээ УИХ-ын зүгээс гаргах шийдлүүдээс нэлээд зүйл хамаарна. Мөн дээр нэр дурдсан багц хуулийн төслүүдээс ирэх онд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлыг хааш нь эргүүлэх вэ гэдгийг УИХ шийднэ. Зөв бодлого баталж чадвал эдийн засаг сэргэж, иргэдийн нуруу тэнийнэ. Эс чадваас эдийн засаг туйлдана.  

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал

  1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл;
  4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  6. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  7. Хилийн боомтын тухай хуулийн төсөл;
  8. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  10. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  14. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  15. Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  16. Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  17. Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  18. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  19. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  20. Бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

 
Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж