Хэт даврагсад оюутнуудыг хөнөөж, сургуулийг нь галдав

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Хэт даврагсад оюутнуудыг хөнөөж, сургуулийг нь галдав

Исламын “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид өнгөрсөн шөнө Нигерийн Йобе мужийн Хөдөө аж ахуйн коллежид халдлага үйлджээ. Хөдөө аж ахуйн  коллежийн албаныхны мэдээлснээр исламын хэт даврагсад дотуур байрандаа амарч байсан оюутнуудыг хөнөөн, хичээлийн анги танхимуудыг нь галдан шатаасан байна. Нямаас даваа гаригт шилжих шөнийн 01:00 цагийн үед болсон зэвсэгт халдлагын улмаас 18-22 насны 50 оюутан амь үрэгдэж, өөр 18 оюутан гэмтэж, шархадсан байна. Түүнчлэн 1000 гаруй оюутан дотуур байраа орхин зугтаажээ.

Нигерийн Йобе муж дахь ихэнхи сургуулиуд өнгөрсөн долдугаар сард исламын зэвсэгт дайчид Мамудо хотын дунд сургуулийн 29 багш, сурагчийг амьдаар нь шатааж хөнөөсөн аймшигт халдлагаас хойш хаалгаа бариад байсан байна. Харин одоогоос хоёр долоо хоногийн өмнө Йобе мужийн боловсролын комиссар Хөдөө аж ахуйн коллежийг цагдаа, цэргийнхнээр хамгаалуулахаа амлаж, үйл ажиллагааг нь дахин сэргээсэн аж.

Нигерийн албаныхны үзэж буйгаар энэхүү халдлага нь тус улс маргааш буюу 10 сарын 1-нд Их Британиас тусгаар тогтносны 53 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдон гарсан гэнэ. Үүний зэрэгцээ “Боко Харам” бүлэглэлийн лидер Абубакар Шекау “Нигерид ардчилал тогтоохыг хориглож, зөвхөн исламын шашны сургуулиудыг хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгджээ.

Нигери нь Африкийн хамгийн их хүн амтай улс бөгөөд хүн амын дундах христ болон мусульман шашинтнуудын тоо бараг тэнцүү байдаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж