Төр дархлаагүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Төр дархлаагүй болжээ

Үнэлэмжгүй парламент, дархлаагүй төр

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эрүүгийн ертөнцөд “мунзуй” гэдгээрээ нэрд гарсан Г.Нямдоржтой маргалдсаны улмаас дундуур нь орсон бие хамгаалагчаа гэмтээсэн хэрэг нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Хоёр дээрэмчин хоорондоо хэрэлдэж, хутга шөвөг, цэрэг цагдаа дээрээ тулсан бол нэг хэрэг. Харин УИХ-ын гишүүний хувьд ёс зүйн талаар ямар ч байсан “мунзуй” гэгчээсээ өөр байх ёстой биш үү гэж гайхагдсад олон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнийхээ хувьд Н.Номтойбаяр захын нэг этгээдтэй ийм аргаар үзэлцэх ёсгүй юм. Г.Нямдорж гэгч хувь хүн бол Н.Номтойбаярын хувьд бие хүн. УИХ-ын гишүүн, залууст үлгэрлэл болох, хутгаар биш хуулиар асуудлыг шийдэх үүрэгтэй хүн. 

Монгол Улс парламентын засаглалтай. Парламентийн гишүүд нь нийгэмдээ үлгэрлэхүйц байж чадахгүй юм аа гэхэд ядаж хулигаан, хулгайч, худалч, алуурчин, дээрэмчин, авлигачин байх эрхгүй. Гэтэл харамсалтай нь, хууль тогтоох дээд байгууллага дахь гишүүд гудамжны хулигааны, захын хулгайчийн хэмжээнд үнэлэгдэх болсон нь худлаа биш. Тиймээс парламентын үнэлэмж, саарал ордонд морилж буй нөхдүүдийн ёс зүйн асуудлыг эргэн харж хууль, дүрмээ өөрчлөхгүй бол хэн нэгэн бүрэн эрх гэгчээр асуудлаас хуурай мултардаг, хийсэн хэргээс сугарч үлддэг, хаацайлагддаг болох нь. Хуулийг хүн болгон хэрэгжүүлэх ёстой юм бол яагаад 76 хүн бусдаас илүү онцгой эрх эдлэх учиртай гэж. Хуулийг баталдаг субъектийнхээ хувьд тэд хамгийн түрүүнд хуулийг сахин биелүүлж, үлгэрлэл болох хэрэгтэй биш үү. Үүний тулд ард түмэн тэднийг сонгосон гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Ц.Шинэбаярын салаавчны хэргүүд, У.Хүрэлсүхийн зодоон цохион, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хутга, шөвөгний асуудал гээд чуулганы танхимд болон гадна болсон парламентын гишүүдийн өдүүлсэн, хийсэн хэргийг харахад Монголын хууль тогтоох байгууллага наад захын харилцааны соёлгүй хэрүүлч, танхайчдаар дүүрчихжээ гэхэд өрөөсгөл болохгүй байх.

Нэг талаар, мөнгөтэй, өнгөтэй бол хутга шөвөгтэй  хулигаанууд чуулганы танхимд сууж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллах боломжийг олгосон сонгогч бидний хохь. Тэднээс хүн чанар, ёс зүй асуухаас илүү өнөөдөр бид хэнийг ямар үнэлэмжээр сонгоо вэ гэдгээ эхлээд дүгнэх цаг болжээ. Нөгөө талаар хэн хөрөнгө хандивлана түүнд зулгуйддаг, мэргэжил боловсрол, мэргэшил, туршлагаас илүү мөнгө харж нэр дэвшүүлдэг, улстөрийн намуудын бохир мөнгөний тулаанаас болж Монголын парламентын нэр хүн өдрөөс өдөрт унах боллоо. Тиймээс цаашдаа Монголын ард түмэн мөнгөтэй хүнийг биш чадвартай хүнийг сонгодог болох шаардлагатай.

Ард иргэдийн дагаж мөрдөх, хэрэгжүүлэх хууль дүрэм, бодлогыг захын нэг, хутга шөвөгний хэрэгтэй бацаан баталж байна гэхээр даанч харамсалтай. Энэ асуудал  ганцхан УИХ-д ч байгаа юм биш, бидний дээр зөвхөн хөх тэнгэр л байх ёстой хэмээн цэцэрхдэг Үндсэн хуулийн цэцэд хүртэл “хулгайч, авлигчин” шигдчихээр яаж Монголын төрийн дархлаа сайжрах вэ. Хэрэвзээ Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн биш байсан бол хүн хутгалсан хэргээр аль хэдийн баривчлагдсан байгаа. Гэтэл хэргийн газарт ирсэн цагдаа нарын өмнөөс бүрэн эрхээ уншиж чадаж байгаа түүнд харин хүний эрх гэж юу болохыг хэн ойлгуулах юм бэ. Төрийн өмчөөр гараа угааж, хэдэн тэрбумаар нь  мөнгө завшсан хулгайч Үндсэн хуулийг манана гэдэг өөрөө утгагүй. Тэгэхээр үнэлэмж нь гээгдэж, дархлаа нь суларсан Монголын төрөөс иргэд юу хүсэх вэ…?

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж