“Pink Floyd” дэргэд минь дууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

“Pink Floyd” дэргэд минь дууллаа

Дэндүү энгийн боловч эгэлгүй нэгэн үдшийг өнгөрүүллээ. Тайз засалт гэж чамирхаж гоёрхсон зүйлгүй, дугуй хэлбэртэй том дэлгэц, хамгийн гоё нь тайз руу “буусан” өнгө өнгийн LED гэрэл огт өөр мэдрэмж төрүүлнэ. Өөр гэдгийг тайлбарлахад тун хялбар, Монголын шоу бизнест нийтлэг болсон байдаг л тэр орчноос ялгаатай болохоор…

Товч бөгөөд тодорхой илэрхийлэмжтэй тэр тайзан дээр “Pink Floyd”-ын дуунууд эгшиглэсэн юм. “On n’Off” продакшнаас санаачлан зохион байгуулсан “Tribute Live Concert”-д “Шар айраг” хамтлаг, гитарчин Т.Мөнх-Оргил, Буянаа, бөмбөрчин Золбоо, даралтат хөгжимчин Чинбаа, басс гитарчин Цогоо, Билгээ бас “Sweetymotion”-ы бүсгүйчүүд оролцов. Энэ тоглолтыг өнгөрсөн долоо хоногийн, магадгүй сүүлийн үеийн онцлог тоглолтоор NEWS.mn нэрлэж байна.

Будант Албионоос төрсөн амьд хөгжмийн акулуудын нэг “Pink Floyd”-ынхны хамгийн авьяаслаг гишүүндээ зориулсан “Shine on you crazy diamond” дуугаар тоглолт эхэлсэн. 1974 онд Францаар аялан тоглосон тэдний тоглолтод анх дуулагдсан энэ дуу хамтлагийн гишүүн Сид Барретад зориулагдсан юм. “Pink Floyd”-ын ид мандан бадарч явсан үед дууны үг, аяыг бичиж, гитарчин, гоцлол дуучин байсан, хэтийдсэн авьяастай Сид оддын өвчин тусч, хар тамхинд хэт донтож, хамтлагаасаа гарчээ. Хамтлагийнхны хайртай гишүүндээ зориулж бичсэн дуугаар эхэлсэн энэ тоглолт бүхэлдээ “Pink Floyd”-д зориулсан хүндэтгэл байсан. Тайзан дээр “Pink Floyd”-ын дуунуудыг амилуулсан эрхмүүд, тоглолтын зочид ч тэр нэгэн цагийн домог болсон хамтлагийн фенүүд. Тэд үүгээрээ адилхан болохоор тоглолтын атмосфер цаанаа л өөр. Тайзан дээр хөгжимдөж, дуулж, уярч, уярааж байгаа тэд, Соёлын төв өргөөний жавартай, жиндүүхэн танхимыг бүлээцүүлж чадсан фенүүдийн сэтгэл хөдлөл магадгүй байж болох хамгийн дээд цэгтээ хүрсэн байх. Хайртай, дуртай, хүндэлж, шүтэн биширч, дуунуудыг нь сонсч, ухаарал уярал мэдэрдэг хамтлагийнхаа 17 дууг тэд тайзнаа дуулсан. Хөгжимчдийн гоцлол бүр ч гайхалтай. Биеэр нэг цахилгаан гүйдэл гүйх шиг болдог тэр мэдрэмжийг олон хүн мэдэрсэн байх. Тэдний дунд Монгол оронд зочилсон гадаадын жуулчид цөөнгүй байсан. Алс нутагт аялж яваад дэлхийн шилдэг хамтлагийн ковер тоглолтыг үзнэ гэж төсөөлөөгүй биз, тэд. Ямартай ч тэд тоглолтоос жинхэнэ кайф мэдэрсэн нь харагдсан, дуртай хамтлагийнхнаа дууг сонсохын дээр монголчуудын авьяасыг үнэлээд гарсан.

Ийм нэгэн үдшийг үдлээ. Ойрын үед ийм гайхалтай амьд тоглолт үзсэнгүй, тийм сайхан мэдрэмж авсангүй миний хувьд “Pink Floyd”-ын хөгжим дэндүү гэмээр гайхамшиг байлаа…

“Pink Floyd”-ын түүхээс хуваалцвал:

Их Британи болоод дэлхийн хөгжмийн түүхэнд тодоор үлдэхүйц хамтлаг бол “Pink Floyd”. Яагаад ч юм 1960-1980-аад оны эхэн хүртэлх рок’н роллын түүхийг Их Британитай холбомоор байдаг. Энэ нь ч тохиолдлын хэрэг биш. Өдгөө түүх болон үлдсэн бүх домгууд Будант Албионоос төрж байсан билээ. 1963 онд байгуулагдсан гэж үздэг ч “Pink Floyd” хамтлаг энэ нэрээр гарч ирээгүй байсан юм. Анх “Сигма 6” нэртэй байгуулагдаж, жижиг клубт дуулдаг байсан тэд дараа нь “Tea Set” нэртэйгээр уран бүтээлээ туурвиж байжээ. 1963-1967 оны хооронд энэ хамтлагийн эхний жилүүд өнгөрсөн. Хүмүүс тэднийг энэ дөрвөн жилд мэддэггүй байлаа. Угтаа дэлхийн түүхэнд үлдэх энэ хамтлаг манцуйндаа бойжиж байсан нь энэ.

Лондон хотын политехникийн сургуульд суралцдаг байсан Рожер Вотерс, Ник Мэсон нар Ричард Врайттай хамтран “Сигма 6” нэртэйгээр уран бүтээлээ туурвидаг байжээ. Режент гудамжны жижиг уушийн газарт дуулж хуурдаж байсан юм. Ингэхдээ “The Searchers” хамтлагийн уран бүтээлүүдийг коверлож, тус хамтлагийн Кен Чапмантай хамтарч ажиллаж байсан гэдэг. Мөн тэдэнтэй Ноблегийн эгч дүүс хамтран дуулж байсан гэдэг. Харин 1964 онд энэ хоёр гарч, оронд нь Сид Барреттыг хамтлагтаа авч, “Tea Set” нэртэйгээр уран бүтээлээ туурвиж байсан юм. 1965-1966 оны хооронд Лондон хотын Кенсингтоны өргөн чөлөөнд байх Countdown клубт бага хэмжээний өртгөөр дуулдаг байжээ. Гэхдээ шөнийн цагаар. Гэтэл тэдний сүүлд сонгосон нэртэй хамтлаг өөр хотод уран бүтээлээ туурвидаг байсан тул нэрээ өөрчлөхөөр болж, одоогийн “Pink Floyd” нэрийг Сид Баррет өгчээ. Энэ нь дээх нь үед жазз, блюз стилиэр уран бүтээлээ туурвидаг байсан хар арьстнууд болох Пинк Андерсон, Флойд Консил нарийн нэрний эхний хэсгийг авч, энэ нэрээрээ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх болсон юм. 1966 оны гуравдугаар сард нь Баррет, Врайт нэр Барретын найз, Лондон хотын эдийн засгийн сургуулийн профессор, бизнесмэн Эндрью Кингтэй уулзаж, хамтлагаа продюсерлүүлж, менежерээр ажиллах хүсэлт тавьснаар тэдний анхны хөрөнгөжих үндэс нь тавигджээ. Кингийн хүчин зүтгэлээр тухайн үедээ давгүй мөнгө болох жилийн 2500 фунтын гэрээг “Blackhill Enterprises”  компанитай хийж чаджээ.

1967 онд EMI студитэй гэрээ байгуулж, уран бүтээлүүдээ хүргэж эхэлсэн юм. Эхний жилүүдэд тэд орон нутгийн жижиг клубүүдэд тоглож, нэр хүнд нь өсч, үзэгчдийн бага ч атугай хүрээлэлтэй болоод байсан юм. Анхны дуу нь “Arnold Layne ” гэх нэртэй байдаг. Тухайн үедээ Их Британийн чартын шилдэг 20-д багтаж, удалгшй тэд “See Emily Play” дуугаа гаргасан нь чартын зургаа хүртэл дэвшжээ. “The Piper at the Gates of Dawn” бол тэдний анхны цомог. Тэдний эхний цомгийг бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн жагсаалтын 325-д эрэмбэлсэн байдаг. Энэ мөчөөс хойш тэд 13 цомог гаргасан бөгөөд хамгийн сүүлд 1994 онд  “The Division Bell” цомгоо гаргажээ. Тэдний хамгийн алдартай хөгжмийн ертөнцийн бренд болсон цомог бол “Dark Side of the Moon” юм.

“Pink Floyd” дэлхий даяар нийтдээ 250 сая цомог борлуулж, 1996 онд АНУ-ын Рок’н роллын алдрын танхим, 2005 онд Их Британийн Хөгжмийн урлагийн алдрын танхимд мөнхөлжээ. Мөн дэлхийн хөгжмийн түүхэнд тодоор бичигдэх 500 сод уран бүтээлчийн нэг гэж үнэлэгдсэн юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж