
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хороод лхагва гаригт хуралдана. Намрын чуулган нээлтээ хийж байгаатай холбогдуулан намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдана. Тодруулбал, лхагва гаригт 09.00 цагт Эдийн засгийн байнгын хороо Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудын эцсийн хэлэлүүлэг, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн лхагва гаригт Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн өдөр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 13.00 цагт хуралдаж, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэх юм байна.
Ш.ЧИМЭГ