Пакистанд халдлагын улмаас 40 хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Пакистанд халдлагын улмаас 40 хүн амь үрэгдлээ

Пакистаны Пешавар хотын Кисса квани захад өчигдөр өдөр их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан автомашинтай этгээд халдлага үйлдэж, тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 40 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн гэмтэж бэртжээ. Албаныхны мэдээлснээр Пешавар түүхт Кисса квани захад автомашинтай этгээд 220 орчим кг тэсрэх бөмбөг дэлбэлснээс захын 10 дэлгүүрийн барилга сүйрч, олон тооны автомашин галд шатсан байна. Гэрчүүдийн яриагаар хүчтэй дэлбэрэлтийн чичиргээ газар хөдлөлт болж буй мэт мэдрэгдсэн ба халдлагын улмаас захын барилга нурж, гал гарчээ. Одоогоор захад гарсан халдлагын хариуцлагыг ямар нэгэн исламын зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа аж.

Пакистанд өнгөрсөн өдрүүдэд олон тооны халдлага гарч, хүчтэй газар хөдлөлт болсноос олон хүний амь үрэгдсэн  цуст долоо хоног болж өнгөрсөн байна. Үүнээс өмнө өнгөрсөн даваа гаригт Пакистаны Христийн шашинтнуудын оршин суудаг хэсэг дахь протестант сүмд амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 81 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан билээ. Мөн өнгөрсөн баасан гаригт Пакистаны  Засгийн газрын ажилчдын зорчиж явсан автобус руу хэн нэгэн тэсрэх бөмбөг шидсэний улмаас 17 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн дундуур Белужистан мужийн Аваран хотын ойролцоо 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос 300 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж