Манай танхим жил бүр оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Шалгарсан компанийнхаа үйл ажиллагаатай гишүүн байгууллагуудынхаа төлөөллийг танилцуулж, харилцан туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцах зорилгоор аялал зохион байгуулдаг уламжлалтай.“Оюутолгой” компани өнгөрсөн жил даймонд буюу шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан юм. Өнөөдрийн аяллын маань зорилго өмнийн говь дахь Оюутолгойн уурхайтай танилцах.Энэ удаагийн аялалд манай танхимын голлох газар, хэлтсийн удирдлага, танхимын гишүүн 30-аад компанийн 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Ийм том бүтээн байгуулалт өрнөж байгааг хараад бахархахаас яах вэ.Монгол хүн монгол газар дээрээ ийм л бахархмаар сайхан үйлсийг бүтээж байна шүү дээ.
“Туушин” компанийн авто тээвэр хариуцсан захирал Д.Пүрэвдорж:
Энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалттай танилцуулах аяллыг зохион байгуулж байгаа Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Оюутолгой” компанийн удирдлагад талархлаа илэрхийлье. Уг аяллын ачаар энэ том бүтээн байгуулалтыг нүдээр үзэж бахархах сэтгэл төрж байна. Үүх түүхээсээ эхлээд өнөөгийн үйл ажиллагаатайгаа цаг зав гаргаж танилцуулсанд баяртай байна. Ялангуяа “Оюутолгой”-н үе үеийн түүхийг өгүүлсэн музей их таалагдлаа. Энэ газар дор ямар их баялаг байна вэ.Манай компани 2009 оноос эхлээд Улаанбаатар дахь “Оюутолгой” компанийн агуулахаас бараа материал тээвэрлэж байгаа. Бодит байдлыг газар дээр нь ирж үзлээ. Цаашид “Оюутолгой” компанитай бусад хэлбэрээр хамтран ажиллах, ханган нийлүүлэх боломжийг судаллаа.
“IT ZONE” компанийн нэвтрүүлэлтийн багийн менежер Э.Золбоо:
“Оюутолгой” төсөл бол маш сайхан бүтээн байгуулалт юм байна. Энд олон зүйлийг нүдээр үзлээ. Бизнес, компьютерийн тоног төхөөрөмж, техник технологи, программ хангамж зэрэг чиглэлээр “Оюутолгой”-той хамтран ажиллах боломжтой гэдгийг мэдлээ.
Дэлхийн хэмжээний энэ том уурхайд техник технологийн ямар дэвшил, ялангуяа зураасан кодыг хэрхэн ашиглаж байгаатай танилцлаа. “Оюутолгой” компани зэсийн баяжмалын экспорт дээрээ хамгийн сүүлийн үеийн зураасан кодыг үр дүнтэй ашигладаг юм байна. Чухам ингэснээр экспортолж буй зэсийн баяжмалыг бүхий л шатанд иж бүрэн хянах боломжтой болжээ.
“Гэт женероус” компанийн гүйцэтгэх захирал Х.Гантөмөр:
Өмнийн говьд ямар их бүтээн байгуулалт бий болсныг үзлээ. Монголчууд юу бүтээж чаддагийг харлаа. Үнэхээр аугаа том төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл Монгол улсад, монголчуудад үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. “Оюутолгой” компанитай хамтран ажиллах олон боломж байгааг олж харлаа.