Д.Гомбодорж, П.Өнөрбат хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.30-нд нийтлэгдсэн

Д.Гомбодорж, П.Өнөрбат хүрэл медаль хүртжээ

ОХУ-ын Кемерово хотноо болсон “Шахтёрская слава” олон улсын анхдугаар тэмцээнд манай улсаас есөн бөх барилдсанаас 74 кг-ийн жинд ОУХМ Д.Гомбодорж, П.Өнөрбат нар хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд Болгар, Беларусь, Грек, Израиль, Итали, Казахстан, Канад, Куба, Латви, Монгол, Польш, Словак, Турк, ХБНГУ, Финланд, Эстони зэрэг 16 орны 150 бөх хүч үзсэн байна.

66 кг-ын жинд зодоглосон Якутын бөх, дэлхийн хошой аварга В.Лебедев хагас шигшээ барилдаанд Буриадын бөх Бато Бадмаевт ялагджээ. Тэмцээний шилдэг бөхөөр 84 кг-ын жинд түрүүлсэн залуучуудын дэлхийн аварга Дмитрий Кириллов шалгарсан байна. Димитрий Кирилловт Кемеров мужийн амбан захирагч А.Г.Тулеев “Тойота” маркийн автомашмины түлхүүр гардуулжээ. 

Тэмцээнд Төрийн Думын гишүүн, олимпийн гурван удаагийн аварга А.Карелин, олимпийн гурван удаагийн аварга Б.Сайтиев, олимпийн гурван удаагийн аварга А.Таймазов, олимпийн хошой аварга С.Белоглазов, М.Хадарцев, дэлхийн аварга А.Вараев, Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвили зэрэг олон хүндтэй зочид оролцсон байна. Мөн тэмцээний үеэр нэрт хоккейчин Павел Буред “Кемеров мужийн Хүндэт иргэн” алдар хүртээжээ.

Манай бөхчүүд аравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотод болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит зургаа дахь чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд оролцох юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж