Обама Ираны Ерөнхийлөгчтэй утсаар холбогджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Обама Ираны Ерөнхийлөгчтэй утсаар холбогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай утсаар ярилцсан байна. АНУ болон Иран улс нь цөмийн зэвсэг үйлдвэрлэж буй гэх хардлагаас үүдэн хоорондоо үл ойлголцсон зөрчилтэй байсаар ирсэн билээ. Тиймдээ ч хоёр орны төрийн дээд албаныхан хоорондоо нүүр тулж уулзах юмуу шууд харилцах нь ховор байдаг аж. Гэхдээ сүүлийн үед Ираны талаас цөмийн зэвсгийн асуудлаар АНУ тэргүүтэй Барууны орнуудтай уулзалт, хэлэцээ хийх хүсэлтээ илэрхийлснээр байдал нааштайгаар эргэж, ийнхүү хоёр орны тэргүүнүүд утсаар харилцсан байна. Барак Обама ба Хассан Роухани нар 15 минут орчим утсаар харилцахдаа цөмийн зэвсгийн асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх алхамын талаар санал солилцжээ. Түүнчлэн Барак Обама Ираны Ерөнхийлөгчид цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн асуудлаар нааштай шийдэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

Үүнээс өмнө Барак Обама Ираны Ерөнхийлөгчтэй Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны үеэр уулзах найдлага тавьж байсан ч Хассан Роухани чуулганд хүрэлцэн ирээгүй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж