Монгол улсын Засгийн газрын Чингис бондоор санхүүжиж байгаа томоохон төслүүдийн нэг “Шинэ төмөр замын төсөл” билээ. Энэхүү төслийн хүрээнд төмөр замын чухам ямар бэхэлгээ ашиглахаас төмөр замын чанар, цаашдын ашиглалтын техникийн байдал шууд хамааралтай гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Энэ талаар “Баянтөмөр АРТ” компанийн захирал Б.Аюуштай ярилцлаа.
-Манай улсад төмөр замын бэхэлгээний ямар стандарт мөрдөж байна вэ? Харин шинээр баригдах төмөр зам дээр өөр төрлийн бэхэлгээ ашиглах талаар хэзээнээс яригдаж эхлэв?
-Манайд, тухайлбал Улаанбаатар төмөр замд модон дэрэнд хадаасан бэхэлгээ, төмөр бетон дэрэнд АРС, КБ төрлийн бэхэлгээ хэрэглэдэг. 2010 оноос л бэхэлгээний шинэ стандартын тухай яригдаж эхлээд, Төмөр замын агентлаг (тухайн үеийн нэрээр) дээр мэргэжлийн байгууллагуудыг урин оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тэр үеээс манай компани Английн Пандрол компанийн албан ёсны төлөөлөгчийн хувьд оролцсон.
Улмаар Зам тээврийн яамтай хамтран төмөр замын бетонон дэр, бэхэлгээний стандартыг батлуулахад голлох үүрэгтэй ажилласныг холбогдох хүмүүс мэднээ. Өөрөөр хэлбэл Европ стандартыг Монголд нутагшуулах суурь тавигдсан гэж ойлгож болно.
-Далайд гарцгүй манайх шиг эх газрын орнуудад төмөр зам маш чухал. Тиймээс эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, чанартай бүтээгдэхүүнийг ашиглахыг эрмэлзэх байх. Ер нь дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг бэхэлгээний талаар сонирхуулаач.
-Төмөр замын төсөл хэрэгжиж байна гэхээр нэг компани бүх ажлыг нь хийчихдэг гэвэл өрөөсгөл ойлголт, олон байгууллага, хүмүүсийн хамтын бүтээл юмаа.
Хамгийн гол нь шинэ дэвшилтэт технологи, аюулгүй байдлыг сонгох нь чухал. Олон төрлийн бэхэлгээ байдаг л даа, тэхдээ ачаа, зорчигч тээвэр ба хурдны зам байх уу зэрэг бусад техникийн нөхцөлөөс хамаараад ямар бэхэлгээ сонгож хэрэглэсэн нь улс орон бүрт өөр өөрийн түүхтэй. Бүр эдийн засгийн чадавхи, цэрэг дайны зориулалт гэх шалтгаантай ч байдаг. Одоогоор дэлхий нийтэд хамгийн ихээр хэрэглэгдэж буй бэхэлгээ гэвэл “Пандрол”-ийг хэлэх байна. Тус компанийн бүтээгдэхүүнийг 101 орны төмөр замын 411 компани ашиглаж байна. Энэ нь дэлхийн нийт төмөр замын 63 хувь гэсэн үг.
“Пандрол” компанийн хоёр төрлийн бэхэлгээ байдаг. E-clip загварын бэхэлгээ-дэлхийг 20 гаруй удаа тойрох хэмжээний урттай замд ашигласан бол 1995 онд батлагдсан Fast clip загварын бэхэлгээг 33 мянган км замд ашигласан байдаг юм.
Дэлхий нийтэд танигдсан энэ том компани манай улсад хэрэгжиж буй төсөлд оролцох сонирхолтойгоо аль эртнээс илэрхийлсэн төдийгүй тодорхой туршилт, судалгааны ажлуудыг Монголд хэрэгжүүлээд явж байгаа.
-Төмөр замд аюулгүй ажиллагаа маш чухал гэдгийг та яриандаа дурдлаа. Манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учраас зам төмөр халуунд сунах, хүйтэнд агших тохиолдол гарч таараа. Үүнд “Пандрол”-ын бэхэлгээ тохирох уу?
-Дэлхийн хамгийн хүйтэн цэг хойд Канад, хамгийн халуун бүс Өмнөд Африкт, хамгийн хурдан галт тэрэг зорчдог төмөр замуудад энэ бэхэлгээг хэрэглэсэн байдаг. Хүнд даацын төмөр замд ч гэсэн өргөн хэрэглэж байна. Манайд нэг вагон 65 тонн даацтай байдаг. Тэгвэл Бразилд 160 тоннын ачаа даах чадвартай зам дээр “Пандрол” бэхэлгээг хийсэн байгаа.
“Пандрол” бэхэлгээний бусдаас ялгарах өөр нэг онцлог нь “fit and forget” буюу “Бэхэл тэгээд март” хэмээх зарчим. Өөрөөр хэлбэл нэгэнт уг бэхэлгээг төмөр замдаа ашигласан бол дор хаяж 20 жилийн хугацаанд гар хүрэх шаардлагагүй. Байнгын засвар үйлчилгээ шаардахгүй байх нь эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй гэсэн үг. Мөн царигийг 1536 мм хүртэл өөрчлөх боломжтой зэрэг давуу талууд олон бий.
-Монголд энэ бэхэлгээг ашиглаад туршчихсан зүйл байна уу?
-Дээр би цухас ярьсан. Тодруулбал 2011 онд ЗТБХБЯ гэж байхад сайдын тушаалаар ажлын хэсэг томилогдож төмөр замын ямар бэхэлгээ хамгийн тохиромжтой вэ гэдгийг судалж үзээд “Пандрол” гэдэг дүгнэлт гаргасан. Одоогийн байдлаар УБТЗ-ын нэг хэсэг замд 50 ширхэг Пандрол бэхэлгээтэй бетон дэр тавигдсан, тэднийхэн ч ам сайтай байгаа шүү.
-Үнэ өртгийн хувьд бусад бэхэлгээтэй харьцуулахад ямар байдаг бол?
-Гүйцэтгэх үнэ тарифын хувьд бусад өрсөлдөгч компаниудтай адилхан. Харин замд тавьсны дараа ашиглалтын зардал 70-90 хувиар бага. Манайхан Таван толгойн төмөр замаа тавиулж аваад түлхүүрээ гардсаны дараа бүх зүйлийг өөрсдөө хариуцна. Хэрвээ бэхэлгээг найдваргүй хийчихвэл засвар үйлчилгээндээ багагүй мөнгө зарах нь мэдээж. “Пандрол”-ын хувьд зам ашиглалтад орсны дараа илүү зардал гаргахгүй гэдгийг баттай хэлэх байна.
-Монгол Улс ирээдүйд Евро-Азийг холбосон худалдааны төв болно гэж байгаа. Цаашид төмөр замын сүлжээг сайжруулах олон төсөл хэрэгжинэ. Тэр болгонд гадаадын компаниудаар, импортын бүтээгдэхүүнээр бүтээн байгуулалтаа хийнэ гэж байхгүй. Тиймээс ийм чанартай бэхэлгээг дотооддоо үйлдвэрлэх боломж байна уу?
-Тийм ээ. Өнөөдөр манай нийслэл маш гоё өндөр, өндөр барилгатай, гоёл чимэглэл гээд бүх зүйлийг гадаадаас авч ирээд хийгээд байгаа юм шиг харагдаж байна. Яг Монголд юуг нь үйлдвэрлээд байгааг тоолоход хуруу дарам цөөхөн байдаг.
Төмөр замын хувьд ч гэсэн дандаа гадны компаниар бүх зүйлээ хийлгээд байх уу гэдгийг бодох л хэрэгтэй. Одоогийн байдлаар бетонон дэрийг дотооддоо үйлдвэрлэж байна. Зам төмрийг манайд үйлдвэрлэнэ гэвэл маш их хүндрэлтэй нь мэдээж, энд металлургын том үйлдвэрийн тухай яригдана.
Хэрвээ “Пандрол” бэхэлгээг манай улс өргөн хэрэглээд эхлэх юм бол бид дотооддоо бага багаар үйлдвэрлэх боломж бий. Манай компани энэ талаар “Пандрол”-ынхонтой ярьж тохиролцсон.
“Adidas”, “i-Рhone” гэхээр хүн бүхэн мэддэг шиг “Pandrol” гэхээр төмөр замын салбарынхан дэлхий нийтээрээ мэддэг болсон. Энэ брэндийг Монгол Улсад үйлдвэрлээд эхэлбэл маш баярлууштай зүйл болно.
Эх сурвалж:"ӨГЛӨӨНИЙ СОНИН"
