Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

Хуучирсан мэдээ: 2013.09.28-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлав

Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтайгаар хуралдсан Ээлжит бус чуулган өчигдөр өндөрлөсөн билээ. Энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдох яамдын мэдээлэл, Улсын Их Хурлаас томилсон Ажлын
хэсгийн дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаан дээр сонсож, экспортын
орлого, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан шалтгааныг хэлэлцэн,
цаашид авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн ойлголттой боллоо хэмээн УИХ үзэж байна.

Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын
тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, "Урт" нэртэй"
хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох тухай хуулийн
төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг
хэлэлцэн батлах ёстой байв. Гэвч эдгээр төслүүдээс нэг ч хуулийн төслийг
баталж чадаагүй тул намрын чуулган руу шилжүүлсэн байгаа. Ээлжит
бус чуулганыг хаах үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд "Урт" нэртэй" хуулийг
дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг намрын чуулганаар хэлэлцэх саналыг УИХ дахь "Шударга ёс" эвслийн
бүлэг гаргасныг хүлээн авч намрын чуулганд шилжүүлж байна. Бусад
хуулийн төслүүдийн тухайд УИХ-ын гишүүд, намын бүлгүүд санал нэгдэж
намрын чуулганд шилжүүлэх нэгдсэн ойлголцолд хүрсэн" гэж тодотгосон юм.

УИХ-ын даргын 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 167 дугаар
захирамжаар Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх
асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон байна. Намрын чуулган аравдугаар сарын 1-нд буюу ирэх мягмар гаригт нээлтээ хийнэ.

Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар
хэлэлцэх асуудлын дараалал


Үүнд:

  1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  2. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
  3. Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл;
  4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  6. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  7. Хилийн боомтын тухай хуулийн төсөл;
  8. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  10. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  11. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  14. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  15. Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  16. Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  17. Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  18. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  19. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  20. Бусад.

Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ. Мөн Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахыг Байнгын хороод, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон Тамгын газарт тус тус үүрэг болгосон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж