Мумбайд барилга нурж, олон хүн дарагджээ

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Мумбайд барилга нурж, олон хүн дарагджээ

Энэтхэгийн Мумбай хотод дахин нэг барилга нурсан аймшигт осол гарчээ. Мумбай хотын өмнөд хэсэгт өнөө өглөө таван давхар орон сууцны барилга нурсны улмаас одоогийн байдлаар гурван хүн нас барж, олон тооны хүн нурангид даруулаад байна. Энэтхэгийн албаныхны мэдээлснээр томоохон орон сууцны барилгын нурангид 70 орчим хүн даруулсан байж магадгүй гэнэ. Аврах албаныхан ослын газарт ирснээс хойш 15 хүнийг эсэн мэнд олж авраад байгаа ба 12 хүн хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор гал сөнөөгчид болон түргэн тусламжийн багийнхан ослын газарт ажиллаж байна. Мумбай хотын албаныхны мэдээлснээр орон сууцны барилгын нэгдүгээр давхрыг засал чимэглэлийн фирмэд түрээслэн үйл ажиллагаа явуулж байжээ.

Мумбайд энэ 2013 он гарсаар олон давхар барилга нурсан нэлээд хэдэн осол гараад байгаа ба өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль бусаар баригдсан олон давхар худалдааны барилга нурснаас 30 орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн Мумбайд хүн амийн 65 хувь нь ядуучуудын хороололд амьдардаг ба тэд чанарын шаардлага хангахгүй барилгад амьдрахаас өөр сонголтгүй байдаг гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж