Ам.долларын ханшийг тогтворжуулж чадлаа

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханшийг тогтворжуулж чадлаа

Сүүлийн хоёр сар монголчуу­дын сэтгэлийг ам.долла­рын ханш хамгийн ихээр зовоов. Ядаж байхад дайны хажуугаар да­жин гэгчээр жил бүрийн намар валютын ханш өсөхтэй зэрэгцэж нэг асуудал гарсан. Энэ нь өнөөх Хөрөнгө оруулал­тын тухай хуулийн хүлээлттэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс татарч /47 хувиар/ Монгол Улсын валютын нөөцийг шавхах дөхлөө. Энэ сарын 14-нд 1790 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш өчигдрийг хүртэл 135 орчим төгрөгөөр буурсан. Гэвч олны дунд “Ам.долларын ханш дахиад өсөх нь” гэх болгоомжлол үүссэн юм. Түүнчлэн “Холбогдох хууль эцэслэн батлагдаж хөрөнгө оруулагчид мөнгөө шилжүүлтэл, мөн “Самурай” бондоос босгох мөнгө орж иртэл хугацаа байна” гэх нэрийдлээр хүмүүс ам.доллар худалдаж авах нь ихэссэн талаарх мэдээлэл чих дэлсэв.

Өчигдрийн байдлаар нийс­лэлийн Чингэлтэй дүүргийн ну­таг дэвсгэрт байрлах олны нэр­лэж заншсанаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.дол­лар худалдаж авах нь 1650, зарах нь 1655 төгрөгийн ханштай бай­лаа. Харин арилжааны банкуу­дад тухайлбал, Голомт банкинд 1616 /авах/, 1656 төгрөг /зарах/ бай­сан бол Монголбанкны зарласан ханш нь 1630.1 төгрөг байв. Түүнчлэн юанийн авах, зарах, ханш арилжааны банкууд бо­лон валютын захуудад 271-272 төг­рөгийн хооронд байсан. Тэг­вэл хэвлэлийнхний авгайлдгаар “ноён ногоон”-ы төгрөгтэй харь­цах ханш нь цаашид хэрхэх вэ. Бас Монголын валютын за­хын 22 хувийг бүрдүүлээд байгаа юа­нийн ханш буурах уу, ам.долларыг дагаад чангарах уу гэдэг нь асуулт хэвээр байна.


“АМ.ДОЛЛАРЫН ХАНШ
УНАНА” ГЭВ

“Найман шарга” валют арил­жааны захад бага үдийн 11:00 цагийн үед очив. Өмнө нь энд тэндээс “ам.доллар байна уу, төдөөр авъя, өдөөр авъя” гэхчилэн дуу­даж, чангаадаг байлаа. Гэтэл ин­гэж дуугарах ченжүүд төдийлөн их харагдсангүй. Ганц, хоёрхон эмэгтэй хажуунаас “Ам.доллар байна уу, 1655-аар авна шүү” гэв. Гэвч ченжүүд ичээндээ орсон мэт дуугүй болсон нь ийм учир­тай юмсанж. Монголбанкнаас өчиг­дөр өглөө арилжааны банкуудын хүсэлтээр 176.8 сая ам.доллар нийлүүлжээ. Мөн 88.4 сая юа­нийг төв банк худалджээ. Нэг ёсон­доо хөөсөрсөн, туйлбаргүй хан­шийг уяхад эл нийлүүлэлт нүдээ ол­сон гэдгийг хэлэх хүн олон бий.

Энэ үеэр ченжүүд болон валют арилжаалагчидтай уулзаж ам.долларын ханш цаашид хэр­хэх вэ, хэдэн “ногоон” аваад хураачихвал яадаг бол гэж хэ­сэгхэн яриа өрнүүлэхэд 20 гаруй насны нэг залуу “Ам.доллар авч хураагаад ашиг олно гэвэл юу л бол. Өнөөдөр л /өчигдөр/ гэхэд Монголбанк 176 сая ам.доллар захад нийлүүлсэн гэж сайт дээр нь гарчихаж. Хүмүүс ам.доллар худалдаж авахгүй бол одоогийн 1655 гэх ханш бүр 1600 төгрөгт хүртэл унаж мэднэ. Сүүлийн 20 хэдэн хоногт дараалан буурчихлаа шүү дээ. Ер нь хүйтний улирал ч эхэллээ. Өвөл болчихоор валют зарагдах нь багасчихдаг боло­хоор үнэ нь их нэмэгдэхгүй байх. Тэгээд ч ам.долларын нийлүү­лэлт ихсээд, ханш буурахаар юанийн ханш дагаад уначихдаг” гэлээ.

АМ.ДОЛЛАРЫН БОРЛУУЛАЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БАЙХАД ХАНШИЙГ НЬ ӨСГӨЖЭЭ

Нөгөөтэйгүүр ам.долларын нийлүүлэлт хэр байгаа, валютын борлуулалтад яаж нөлөөлж буйг валют арилжаалагч н.Анхбаяраас асуухад “Валют нэг их огцом зарагдаад, хомсдолд ороод байсан юм алга. Өмнөх шигээ л байна. Хамгийн гол нь иргэдэд бас бид нарт төв банкнаас ч юм уу мэддэг газраас нь цаашид валютын нийлүүлэлт хийх үгүй гээд тодорхой мэдээлэл өгөхгүй байна шүү дээ. Энэ нь эргээд хүлээлт үүсгэж ханшид нөлөөлөх нэг шалтгаан болж байна” гэсэн юм. Тэгэхээр төгрөгийн ханш суларсан гол шалтгаан нь Монгол Улсын дансанд валют орж ирэх үгүй нь гол биш ченжүүд, иргэд өөрсдөө хөөс үүсгэсэн байж болохыг зарим эдийн засагч хэлж байсан нь ортой боллоо.

Ямартай ч цаашид ам.долла­рын ханш өсөхгүй гэдэгт итгэл төрж байна. Учир нь манай ул­сад одоогийн валютын ханшийн өсөлтийг дарахуйц хэмжээний мөнгө орж ирэх эх үүсвэр бий болсон. Жишээлбэл, Монголбанк, Сангийн яам, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээл авах санамж бичигт га­рын үсэг зурсан. Өмнө нь тус банкнаас манай улсад нэг тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлсэн байдаг. Уг санамж бичгийг ба­талгаажуулснаар цаашид төдий хэмжээний санхүүжилт Монголд орж ирж банк санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгаалалт боло­ход хамгийн том хөшүүрэг бо­лох юм. Мөн энэ өдрүүдэд Хө­рөн­гө оруулалтын тухай хуулийг байнгын хороод хэлэлцэж буй. Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар батлагдах нь то­дорхой. Тиймээс түүхий эдийн асар их нөөцтэй Монгол Улсын хууль, эрхзүйн орчныг хүлээж суугаа гадаад, дотоодын хөрөн­гө оруулагчид мөнгөө Монго­лын данс руу бушуухан шил­жүүл­нэ. Эхнээсээ гадаадын хоёр, гур­ван хөрөнгө оруулалтын сан хөдөө аж, ахуйн салбарт төсөл хэрэгжүү­лэх саналаа яамдуудад ирүүлсэн су­раг байна.

Түүнчлэн “Самурай” бондоос эхний ээлжийн мөнгө бос­гоод ирэхээр валютын зах харьцангуй тогтворжино. Эл бондын мөнгөнд найдах нэг шалтгаан нь ихэнх төслүүд ху­вийн хэвшлийнхэнд зохих газраа шингэх учраас зарлага биш ашиг болж хувир­на. Гэхдээ өнөөдөр, маргаашдаа эдгээр ам.доллар орж ирэхгүй ч сургаар хөдөлдөг монголчуу­дад эерэг хүлээлт үүсгэх учиртай. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Монголбанкны валютын албан нөөцөд 2.7 тэрбум ам.доллар бий гэсэн нь бас ч гэж тайвшруулахаар байна. Товчхондоо дээрх зээл, хөрөнгө оруулалт эхнээсээ орж иртэл гол зогоох хэмжээний нөөц төв банкинд байгаа гэсэн үг. Тиймээс цаашид ам.долларын ханш өсөх­гүй гэдэг нь ортой болов.

Л.БААТАРХҮҮ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж