Байнгын хороо Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Байнгын хороо Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцсэнгүй

Эдийн засгийн байнгын хороо хуралдсан ч шийдвэр гаргаж чадсангүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр болж эхлүүлсэн ч Баялгийн санд хамаарах заалттай холбоотойгоор асуудал үүсч, ямар ч асуудал шийдвэрлэж чадсангүй хуралдаанаа өндөрлүүллээ.

УИХ-ын гишүүдийн тайлбараар бол гадаадаас асар их хөрөнгөтэй сан татахын тулд Баялгийн сан байгуулна хэмээн төсөлд заажээ. Тус санд Нийгмийн даатгалын болон төрийн өмчийн хөрөнгө оруулалттай санг хамааруулахгүй хэмээн заасан байсныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зарчмын хоёр өөр асуудал явж байна гэж үзсэн юм. Учир нь НДС бол иргэдийн цалингаас шимтгэл хэлбэрээр бий болсон сан. Үүнд төрийн өмчийн оролцоо байхгүй. Тийм учраас үүнийг өөр заалтаар зохицуулах ёстой гэж үзэв. Гэвч гишүүд асуудлыг нэлээд ярилцсан ч тодорхой оноосон саналын томъёолол гаргаж ирж чадсангүй. Эцэст нь Ц.Нямдорж гишүүн "Ажлын хэсэг наад саналаа аятайхан томъёолоод оруулаад ир л дээ. Та нарын толгойд юу бодогдож байгааг би Ванга биш дээ, таах арга алга. Ер нь Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг яаран дааран алдаа мадагдтай баталж байснаас хойшлуулаад намрын чуулган руу шилжүүлсэн нь оновчтой. Ирэх долоо хоногт намрын чуулган нээлтээ хийнэ. Тэгэхгүй бол Баялгийн сан нь байгуулагдаагүй, хууль нь батлагдаагүй байтал төсөлд ийм заалт оруулаад ирж. Зорилгынхоо эсрэг хууль баталж магадгүй байна. Би зовлон үзсэн хүний хувьд хэлж байна, одоог хүртэл хууль зассан гэх онигооноосоо салж чадахгүй явж байна" гэж байр сууриа илэрхийлснийг бусад гишүүд ч мөн дэмжиж, байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлсэн юм. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байсан төслүүдээсээ нэгийг ч УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулах боломж олголгүй хуралдаанаа өндөрлүүллээ.

УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш 14.00 цагт зарлагдсан байгаа. Үүгээр хэлэлцэн батлах хуулийн төсөл байхгүй тул шууд хаалтын ажиллагаанд шилжихээс аргагүй болж байх шиг байна.

Сануулахад, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслөөс гадна Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-аас өчигдөр аваад байсан билээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж