NBA Playoff: Мемфис шуугиулсаар

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

NBA Playoff: Мемфис шуугиулсаар

“Сан-Антонио Сперс”, “Мемфис Гриззлис” багийн плей-оффын цуврал тоглолтууд энэ жилийн гол өрсөлдөөн, гол шуугиан болж байгаа билээ. Өнөөдөр тус цувралын дөрөв дэх тоглолт Мемфис хотноо боллоо. Эсрэг багийнхаа талбайд хийх хоёр тоглолтын нэгэнд нь хожил байгуулах ямар ч багт чухал байдаг. Ялангуяа өөрсдийн талбайдаа ялагдал амссан багийн хувьд. Тиймээс ч “Сперс” тоглолтын эхнээс л эрч хүчтэй тоглолтыг хийж байлаа. Эрч хүчтэй эхлэл нь тэдэнд эхний хагасыг хоёр онооны давамгайлалтай дуусгах боломж олгожээ. Гэхдээ Сан Антонио хөгжөөн дэмжигчдээ удаан баярлуулсангүй. Талбайн эзэд эхний хагасын завсарлагааны дараа эрч хүчээр цэнэглэгдсэн баг болсон байлаа. Энэ үед тэр чигээрээ “Мемфис”-ийнх болсон гэдэг нь багуудын авсан онооноос шууд харагдана. Тэд 30 оноо авсан бол өрсөлдөгчдөө авсан онооноосоо хоёр дахин бага оноо өгсөн байх юм. Төгсгөлийн үед ч энэ байдал хадгалагдсаар талбайн эзэд цувралыг 3-1 харьцаатай тэргүүлж эхэллээ.

“Сперс”-ийн таван тоглогч 10-аас дээш оноо авсан ч Тим Данканы оролцоо тэдэнд үгүйлэгдэж байсан юм. Тэрбээр зургаахан оноо авсан. Харин талбайн эздээс 20 оноо авсан тоглогч байхгүй ч талбайд гарсан Хамед Хаддадигаас бусад 11 тоглогч бүгд оноо авснаар хожил байгуулж чаджээ.

Дараагийн тоглолт “Сперс”-ийн талбайд болох ч тэд түүхийн эсрэг тоглох нь ээ. Учир нь долоон тоглолтод шийдэгдэх плей-оффын цувралд NBA-ын түүхэнд найман баг л 3-1-ээр хожигдож яваад ялж, дараагийн шатанд шалгарч байсан юм. Харин Мемфис плей-оффын эхний шатанд наймаар шалгараад бүсийнхээ тэргүүн багийг сөхрүүлсэн цөөн хэдэн багийн нэг болоход тун ойртоод байна. Гэхдээ бөмбөг бөөрөнхий, юу ч болж болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж