Гадаад харилцааны сайд Л.Болд Нью-Йорк хотноо төвтэй Олон улсын энх тайвны хүрээлэн болон Финлянд Улс, Уругвай Улсын хамтран зохион байгуулсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны “Хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр болсон өндөр түвшний арга хэмжээнд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр оролцлоо.
Олон улсын энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Терже Рөд-Ларсен тус уулзалтыг нээж үг хэлэхдээ “Мөн өдөр тус хүрээлэнд зочилж, уулзалт хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж, ялангуяа түүний удирдлагаар Монгол улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд тэргүүлэх оролцоотой орны тоонд орсныг” онцлон тэмдэглэлээ.
Хуралдаанд оролцогсод НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо харилцан ярилцсан бөгөөд сайд Л.Болд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, өөрийн улсын энэ талын чадавхийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах ажиллагааны оролцоог өргөжүүлэх талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Сайд Л.Болд тус арга хэмжээнийүеэр Финляндулсын Гадаад харилцааны сайд Еркки Туомиоя, Норвеги Улсын Гадаад харилцааны сайд ноён Еспен Барт Ейде, Олон улсын энх тайвны хүрээлэнгийн ерөнхийлөгч ноён Терже Рөд-Ларсен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч, Энхийг сахиулах ажиллагааны хангалтын газрын дарга хатагтай Амеера Хаг, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын даргын орлогч Едмонт Мулетнартай уулзаж санал солилцлоо.
