Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уулын орчимд 2011 оны 8 сард Шинжлэх ухааны академийн Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ц.Болорбат нарын хайгуулын баг археологийн авран хамгаалах хайгуул хийх явцдаа олон хөшөө, цэцэг хээ дүрсэлсэн хавтан бүхий цогцолбор дурсгалын хөшөөнөөс түрэг бичээс илрүүлжээ.

Өнгөрсөн 6-р сарын 5-10-ны өдрүүдэд тухайн гэрэлт хөшөөнөөс цаасан хэв авснаар тэрхүү бичээс нь эртний Түрэгийн язгууртанд зориулсан байсан нь тодорхой болжээ. Бичээсүүдийг эртний түрэг бичгийн хэлээр бичиж, уг дурсгалын эзэнд зориулан ":ebim e:", ":begim e:", ":yerim e:" буюу "орд гэр минь ээ", "ноён минь ээ", "нутаг минь ээ" гэх зэрэг тахилын үгсийг маш олон давтан сийлсэн байжээ. Мөн тэрхүү нас барсан ихэс язгууртанд зориулсан уг тахилын онгоныг байгуулах ёслолд оролцохоор ирсэн овог аймгийн язгууртнууд хөшөөнд тамгаа сийлсэн бололтой.
Археологийн тандалт судалгаагаар 10 гаруй хөшөө байна гэж тогтоогоод байгаа гэнэ. Яг одоо ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд бүрэн бүрэлдэхүүнээрээ уг газарт судалгаа хийхээр явсан байгаа юм байна. “Өөр бусад бичээстэй хөшөө гарч ирвэл илүү үр дүн өгөхөөр байгаа нь илэрхий байна. Түүнээс үүдээд ямар том дурсгал, ямар ач холбогдолтой дурсгал вэ гэдэг нь харагдах юм” хэмээн эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга ярьжээ.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уулын орчимыг одоохондоо улсын хамгаалалтанд аваагүй байгаа бөгөөд урьдчилсан судалгааныхаа үр дүнг ССАЖЯ, БШУЯ-нд танилцуулж улмаар улсын хамгаалалтанд авдаг журамтай аж.





