Намрын чуулганаар юу хэлэлцэх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.09.27-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар юу хэлэлцэх вэ?

УИХ-ын намрын чуулган эхлэхэд багагүй хугацаа байгаа ч үүний өмнө эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан ээлжит бус чуулганыг зарласан. Ээлжит бус чуулганы хуралдаанаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлд гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилго бүхий таван хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Гэвч УИХ дахь намын бүлгүүдийн саналын зөрүүнээс болж, хоёр хуулийн төсөл буюу Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүд ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж, үлдсэн төслүүд нь намрын чуулганы хаалга татахаар болоод буй. Тодруулбал, 2013 оны намрын чуулганаар Урт нэртэй хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох хуулийн төсөл,  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүд намрын чуулганаар хэлэлцэх эхний асуудал болон хойшилж байна. 2013 оны хаврын чуулганаар намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтыг баталсан. Үүн дээр шинээр өргөн барьсан, хэлэлцэх шаардлагатай төслүүд нэгдээд намрын чуулган завгүй өрнөх бололтой. Тэгвэл 2013 оны намрын чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

Хаврын чуулганы хуралдаанаар баталснаар намрын чуулганы хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс долоо, нам эвслээ 102, УИХ-ын гишүүдээс 55, Засгийн газраас 142 нийт 340 төсөл хэлэлцүүлэхээр санал ирүүлсэн байна. Намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь 2014 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2013 оны Монгол Улсын төсвийг баталсан. Ингэхдээ нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолон баталсан билээ. Тухайн үед УИХ дээр 2013 онд бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барьж ажиллахаар баталсан0. Харин 2014 оны Төсвийг хэрхэн батлах нь өнөөгийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадах эсэх гээд олон хүчин зүйлээс шалтгаалахаар байгаа юм. 2014 оны Төсвийн тухай хуулийг дагалдан Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд батлагдах учиртай.

Хоёр ч удаагийн УИХ дамнаад буй Газрын тухай багц хуулийн төсөл өнгөрсөн намраас яригдсаар Хаврын чуулган руу шилжсэн ч Газрын тухай хуулийг дагалдах хуулийн төслүүд өргөн баригдаагүй, боловсруулаагүй учраас энэ хуулийг багцаар авч үзэх ёстой хэмээн дахин Намрын чуулган руу шилжүүлсэн. Харин энэ удаад Газрын тухай хууль хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бөгөөд багцаар хэлэлцэх эсэх нь чуулган эхэлсний дараа тодорхой болох юм. Энэ хуулийг дагаж, Газрын кадастрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Геодези, aрга зүйн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд намрын чуулганд багтжээ.

УИХ-ын 2012 оны Намрын чуулган завсарласны дараа УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улстөрийн намын тухай, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгүүд байгуулагдсан. Эдгээр ажлын хэсгийн санаачлагаар Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэнэ.

Ээлжит чуулганаар хэлэлцэх дараагийн чухал асуудал бол Монгол Улсын 2014-2018 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга. Үүнийг дагалдаж Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүд орж ирэх байсан ч эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн ээлжит бус чуулган зарлан батлахаар хэлэлцэж байгаа билээ.

Үүнээс гадна Намрын чуулганы хуралдаанаар, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Татварын багц хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй төслийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр баталжээ. Дээрхи 30 гаруй асуудлаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдэхээр УИХ-ын дарга захирамжилсан. Өөрөөр хэлбэл, сүүлд өргөн барьсан болон хэлэлцүүлгийн шатанд үлдсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тухай бүрт шийдвэрлэх юм байна. Ээлжит бус чуулган өнөөдөр өндөрлөж, намрын чуулганыг эхлүүлнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж