Стандартынхан өдөрлөг хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Стандартынхан өдөрлөг хийлээ

“Стандарт дэлхийн хөгжлийн түлхүүр” нэртэй өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд болж байна. Энэхүү өдөрлөг нь Стандартчилал, хэмжилзүйн газраас 90 жилийнхээ ойн хүрээнд хийж буй ажлын нэг юм. Өдөрлөгийн үеэр улсын хэмжээнд дагаж мөрдөж буй стандартыг олон нийтэд танилцуулж, хэмжилзүйн багаж хэрэгслийг дэлгэн тавьсан байлаа. Өнөөдөр улсын хэмжээнд 6000 гаруй стандарт батлагдсан байдаг ч нийтийн дунд энэ талаарх ойлголт тун бага. Жимс, жимсээр хийсэн бүтээгдэхүүний холбогдолтой стандарт гэхэд 38, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын материал, арьс шир, нэхий үслэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх стандарт гэхэд тус бүр 70 төрлийнх байдаг ажээ.

Энэ бүхнийг дагаж мөрдөж байж улс орны амьдрал дэг журамтай, хэвийн явна гэдгийг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр хэлж байлаа. Ер нь энгийн үгээр илэрхийлбэл стандарт бол хэм хэмжээ юм. Үйлдвэрлэгч нар ямар хэм хэмжээг барьж ажиллах ёстой вэ, яавал хориотой вэ гэдгийг зохицуулдаг онцлогтой юм байна. Дэлхий нийтийн хэмжээнд стандарт бий болж, дагаж мөрдсөнөөс хойш 100 гаруй жил болж буй бол манай улсад 90 жил болсон гээд бодохоор стандартын  хувьд манайх нэг их хоцорчихоогүй гэдэг нь харагдана. Харин хэр хэмжээнд хөгжиж байгаа вэ гэсэн асуултын хариуг тус байгууллагын дарга Г.Гантөмөрөөс тодруулахад “Стандарт хөгжөөгүй газарт хүмүүсийн амьдрал баталгаагүй, нийгэм эмх замбараагүй болдог талтай. Ганц жишээ дурдъя л даа. Бангладешид гэхэд хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам байдаггүйгээс хөдөлгөөнд оролцогчид нь байнгын түгшүүртэй байхын дээр гурван машин тутмын нэг нь согогтой гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс стандарт мөрдөж байж гэмээнэ улс орны амьдрал эмх цэгцтэй явж байдаг. Манай байгууллага саяхан улсын хэмжээнд стандартын үзлэг шалгалт хийсэн. Энэхүү үзлэгээс нийт стандартын 40 орчим хувийг засч залруулах шаардлагатай нь харагдсан” хэмээн хариулж байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж