Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

“Дэлхийн эзэн мэт”

-НҮБ-ын индрээс Америкийн лидерийг шүүмжлэв-


НҮБ-ын Ерөнхий ассамблейн улс төрийн хэлэлцүүлгийн эхний өдрийн дүнгээр Барак Обама шүүмжлэлийн бай боллоо. Нэн түрүүнд Бразилийн төрийн тэргүүн Дилма Русефф АНУ-ын эрх баригчдыг буруутгаж, тэднийг ардчиллын зарчмыг зөрчсөн гэв. Обама өөрөө үг хэлснийхээ дараа холбоотнуудаасаа шүүмжлэл сонсчээ.

Бразилийн ерөнхийлөгч Дилма Русефф ардчиллын зарчмуудыг зөрчиж байна хэмээн олны өмнө Вашингтоныг  буруутгав. Ерөнхийлөгчийн ууртай шүүмжлэлийг Америкийн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудений илчилсэн Америкийн тагнуулчдын даяарчлалын мөрдөн мөшгилт өдөөсөн гэж болно. Тэрээр НҮБ-ын индрээс энэ хэргийг тайлбарлахдаа, АНУ нь улс орны тусгаар тогтнол, хүний эрхийг зөрчин, ардчилсан эрх чөлөөний зарчмыг гажуудуулж байна гэв. “Ямар нэгэн улс орны тусгаар тогтнол нь бусдынхаа тусгаар тогтнолыг зөрчсөн үйлдэл дээр үндэслэгдэхгүй. Гадаадын иргэд, улс орны эрхийг зөрчин байж аюулгүй байдлаа хангадаггүй » гэж Дилма онцлов.

Тэрээр НҮБ-д хандан интернэтээр цацагдах мэдээллийг хамгаалах баталгааны механизм бий болгохыг уриаллаа.

Америкчуудыг онцгой үндэстэн гэж дахин зарлаад Вашингтон цэргийн хүчээр өөрийн сонирхлыг  хамгаална гэдэг санаа гаргасан Обамагийн үгийн дараа түүнийг шүүмжлэх нь улам ихсэв.

«Хагас цаг гаруй цэргийн оролцоог зөвтгөсөн Нобелийн энх тайвны шагналтны олон улсын цагдаагийн илтгэлийг сонслоо. НҮБ-ын комиссийн илтгэлд Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг хэлээгүй байхад ерөнхийлөгч Обама эсрэгээр нь зүтгэж байна. Хэдэн жилийн өмнө 180 мянган америк цэрэг амиараа дэнчин тавин Иракт эрсдэлд байсан гэж Обама хэлж байна. Одоо эрсдэл байхгүй учир нь дронуудыг (нисгэгчгүй аппарат) хэрэглэж байна» гэж  өөрийн Twitter-т Эквадорын  Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо бичсэн байв.

«Эрх чөлөө, дэлхийн шударга ёсны талаар тэр ярихдаа хэтэрхий увайгүй загнаж байна. Тэрээр дэлхийн эзэн мэт л ярилаа. Энд дэлхийн эзэн байхгүй, улс орон бүр бие даасан, өөрийн нэр сүртэй» хэмээн Боливийн лидер Эво Моралес хэллээ.

«Обамад НҮБ-ын индрээс америкчуудын онцгой үндэстэн гэдгийг хэлэх хэрэггүй байсан юм. Тэрээр Оросын ерөнхийлөгч Путинтэй эчнээ явуулж байгаа мэтгэлцээнээ  олон улсын төвшинд гарган тавьсан нь түүний алдаа» хэмээн Оросын Төрийн думын Гадаад харилцааны хорооны дарга Алексей Пушков Twitter-тээ бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж