Д.Амарсайхан хятадуудтай хамтарч мөнгө угаажээ

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Д.Амарсайхан хятадуудтай хамтарч мөнгө угаажээ

Монголын төрийн томоохон албан хаагчтай нийлж мөнгө угаасан хэргээр Хятадын хууль сахиулахынхан “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын төрийн өмчит тус компанийн удирдлагууд тайлангаа буруу, зөв гаргах маягаар Монгол талын Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхантай нийлж, 40 гаруй сая ам.долларыг угаасан  хэргийг хоёр улсын хуулийн байгууллага шалгаж  байгаа юм. 

“Петро Чайна Дачин Тамсаг” компани Монголын Засгийн газартай 2001 оноос бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажилласан бөгөөд энэ хугацаанд хоёр талд хуурамч тайлан гаргах маягаар мөнгө угаадаг байсан нь баримтаар нотлогдоод буй. Тухайлбал, 2007 онд гаргасан Газрын тосны газар болон, тус компанийн  гаргасан тайлангаас 51,4 сая ам.доллар буюу 465,264 баррель тосны, 2010 онд 245,624 баррель тосны зөрүү гарсан байна.  Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын  болон Хятадын  Засгийн газарт очих ёстой мөнгөнөөс тус бүр 1,5 сая ам.долларыг хоёр талын ажил хариуцаж байсан эрхмүүд Хонконгт  “SunWang”  компани байгуулж мөнгө угаасныг Хятадын цагдаагийнхан олж илрүүлээд байгаа аж.  Хятадын төрийн өмчит “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд мөнгө угаасан хэрэгтээ шүүхээс олон жилийн ял авч магадгүй бололтой. Тэгвэл Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хаана байгаа нь тодорхой бус байна.

Н.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж