74.5 сая тонн нүүрс “дайцүки”-гээс жижиг “тавантолгой” руу
2006 онд байгуулагдсан М.Энхболдын Засгийн газрын үед “Буян”-гийн Жаргалсайхан үйлдвэр, худалдааны сайд байлаа. Харьяалдаг яам нь одоогийн Уул уурхай, үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эрхлэх асуудлыг бүхэлд нь багтаасан том бүтэц байв. Ашигт малтмалыг газрын тостой нь, гадаад, дотоод худалдааг ноос ноолууртай нь Б.Жаргалсайхан нэгэн үе мэдэж байлаа. Тэр үед топ болж байсан, одоо ч топоороо байгаа салбарууд гэсэн үг л дээ. Гэсэн ч жил гаруйхан сайдаар ажиллаад лиценз шилжүүлсэн “хэргээр”, угтаа улс төрийн шахаагаар суудлаа өгч байв. Б.Жаргалсайханы суудлыг ганхуулахад хүргэсэн тэр лиценз нь Өмнөговь аймгийн Цогтцэций дэх Тавантолгойн бүлэг ордод байдаг хэсэг. Энэ талбайн лицензийг Японы хөрөнгө оруулалттай “Дайцүки” гэдэг компани руу шилжүүлсэн нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан байв. “Дайцүки”-д шилжүүлсэн тэр талбай нь байршлын хувьд “Эрдэнэс-Тавантолгой”-н Зүүн Цанхийн хэсэгт орших (Тавантолгойн бүлэг орд нь Бор тээг, Ухаа худаг, Баруун өмнөд оорцог, Онч хараат, Бор толгой гэсэн хэсэгтэй. Бор тээг нь Баруун, Зүүн Цанхи гэж хуваагддаг гэдгийг уншигчид андахгүй биз ээ) орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг 287А, 11945А лицензит талбайн яг дунд оршдог. Тавантолгойн нөөцийн тархалтын судалгааг хийсэн “Норвест” компанийн урьдчилсан тооцоогоор энэ талбай нь 74.5 сая тоннын нөөцтэй бөгөөд үүний 61 хувь нь сайн чанарын коксжих нүүрс. Ийм нэгэн лицензийг Б.Жаргалсайхан сайд байхдаа ямар ч тохироогоор юм бүү мэд Японы компанид шилжүүлсэн байдаг юм. Олон жилийн маргаан шүүхийн бүхий л дамжлагаар явсаар одоо л нэг эцэслэгдэж, “Дайцүки”- гийн нэр дээр байгаа лицензийг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой”- д шилжүүлэхээр болж байгаа юм байна. “Дайцүки”-д хууль бусаар ирсэн нь бол тодорхой байгаа лиценз харин ямар замаар, ямар үндэслэлээр орон нутгийн өмчит “Таван- толгой”-д очиж байгаа нь тодорхойгүй байна. Жижиг “Тавантолгой”- н 51 хувийг орон нутаг эзэмшдэг, харин үлдсэн 49 нь Батлан хамгаалахын сайд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, “Эрин”-гийн Мөнхжаргал хоёрынх. Монголын нийт иргэд Эх орны хишигээ хүртэхээс өмнө Өмнөго- вийнхон жижиг Тавантолгойн хувь эзэмшдэг эздийнхээ дэмжлэгтэйгээр нутгийн хишгийг хүртэж байлаа. Сонгуулиас ч нэлээд өмнө л дөө. Ийн орон нутгийнхандаа багахаан мөнгөөр хишиг хүртээж байсан жижиг Тавантолгойн эзэмшлийн хоёр лицензит талбайн нөөцийг 60.3 сая тонн ба 78.8 сая тонн гэж тооц- сон байдаг. 30 гаруй жил ашиглаж байгаа энэ ордын нөөц ерөнхийдөө дуусч байгаа ч эзэд нь ийнхүү өөр лицензит талбайтай 74.5 сая тоннын нүүрсэнд эзэн суухаар болж байна.
197.5 ТЭРБУМЫН ӨР НЭХСЭН БИЧИГ
Үндсэн ордоо бараг л ашиглаад дуусч байгаа “Тавантолгой” компанийн удирдлагуудад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэгэн бичиг хүлээн авчээ. “Эрдэнэс-Тавантолгой”-н захирлаар томилогдоод хоёр сар гаруйхан болж байсан Я.Батсуурийн тэдэнд илгээсэн “хүсэлт” хэмээн тодотгосон бичиг нь үнэндээ 200-гаад тэрбумын өр нэхсэн бичиг байв.

Тэр бичигт “”Эрдэнэс Тавантолгой” ХК нь УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн орд газарт найман тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гэтэл “Тавантолгой” ХК манай компанийн MV-011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж нүүрс олборлосон, мөн тус компа- нийн MV-011943, MV-016883 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна. “Тавантолгой” ХК нь дээрх үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрөлтэй талбайн эзэмшигч болох “Эрдэнэс-Тавантолгой” ХК- ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд манай компанийн зүгээс өөрийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч нүүрс олборлох, хөрсний овоолго байршуулаад байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг танай компаниас хүсч байна. Мөн манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг (нийт 197 тэрбум 657 сая төгрөг/141.681.735 USD/) төлж, “Эрдэнэс-Тавантолгой ХК-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна” гэжээ. Үүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр явуулсан. Тооцоог гаргахдаа Монголбанкны өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хаалтын ханшийг үндэслэжээ. Энэ өдрийн хаалтын ханшаар ам.доллар 1,395 төгрөгтэй тэнцэж байв. Харин өнөөдөр ам.доллар 1619 төгрөгтэй тэнцэж байна. Тэгэхээр энэ тоо 230- аад тэрбум төгрөг болно. Я.Батсуурь даргын бичигт хавсаргасан тооцоог Хүснэгт1-ээс харна уу. Өр нэхсэн бичгээ явуулаад бараг жил тойрох гэж байгаа ч жижиг “Тавантолгойн”-хон нэг ч төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-н дансанд хийгээгүй байгаа ажээ. Хэд хэдэн удаа хоёр талаас уулзсан ч үр дүн гараагүй бололтой юм. Хаяа нийлсэн хоёр компанийн хооронд үүнээс ч гадна зохицуулах олон асуудал байдаг аж. Тухайлбал, Зүүн Цанхийн уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбайд жижиг “Тавантолгой”-н нүүрсийг тээвэрлэдэг “Тавантолгой трасс” компанийн кэмп байрладаг. Гэтэл Цанхийн баяжуулах үйлдвэ- рийн зураг төслийг боловсруулахдаа тэр газар барихаар төлөвлөсөн байжээ. Баяжуулах үйлдвэрийг 2015- 2016 онд ашиглалтад оруулна хэмээж байв. Баяжуулах үйлдвэрээ зураг төслийн дагуу барих гэхээр “Тавантолгой трасс” компанийн кэмпийг өөр тийш нь шилжүүлэн нүүлгэх шаардлагатай. Шилжүүлнэ гэхээр хамгийн багадаа л хоёр тэрбум төгрөгийн зардал гарах гээд байдаг. “Тавантолгой трасс” компанийнхан болохоор зураг төсөл гарахаас өмнө кэмпээ байгуулсан гэж гүрийдэг бол “Эрдэнэс-Тавантолгой”-нхон тусгай зөвшөөрөлтэй газар кэмп байгуулсан гэж тэднийг буруутгадаг. Товчхондоо “Эрдэнэс-Тавантолгой”-д учруулж байгаа хохирол 234 тэрбум төгрөг. “Тавантолгой” компанийн Зүүн Цанхийн тусгай зөвшөөрөлтэй талбайд овоолсон хөрсний овоолгыг нүүлгэн шилжүү- лэхэд гарах зардал нь одоогийн ханшид шилжүүлснээр 230 тэрбум, “Эрдэнэс-Тавантолгой”-н уурхай-гаас нүүрс олборлосны мөнгө хоёр тэрбум, кэмпийг нүүлгэн шилжүүлэх зардал мөн л хоёр тэрбум.
234 тэрбумаар юу хийж болох вэ
“Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн Цанхийн ордоос “Нүүрс нийлүүлэх, худалдах” урт хугацааны гэрээг БНХАУ-ын Чалко компанитай 2011 оны долдугаар сард хийсэн. Андуураагүй бол сар ч хүрэхгүйн дараа анхны экспортоо хийж нүүрсээ Чалко руу зөөж байлаа. Урьдчилгааг нь аваад Эх орны хишиг хэмээгээд хүртчихсэн бид анхны нүүрсээ өрөндөө ачиж явуулаад мөн ч их баярлаж байсан даа. Анх 350 сая доллар зээлж байсан “Эрдэнэс- Тавантолгой” одоо Чалкод 170 сая долларын нүүрсний өртэй байгаа. Жижиг “Тавантолгойн” учруулж байгаа хохирлын мөнгөө авчихвал “Чалко”-гийн зээлийн үлдэгдлийг дарчихаж болох нь байна.

Ийм нэгэн лицензийг Б.Жаргалсайхан сайд байхдаа ямар ч тохироогоор юм бүү мэд Японы компанид шилжүүлсэн байдаг юм. Олон жилийн маргаан шүүхийн бүхий л дамжлагаар явсаар одоо л нэг эцэслэгдэж, "Дайцүки"-гийн нэр дээр байгаа лицензийг орон нутгийн өмчит жижиг "Тавантолгой"-д шилжүүлэхээр болж байгаа юм байна. "Дайцүки"-д хууль бусаар ирсэн нь бол тодорхой байгаа лиценз харин ямар замаар, ямар үндэслэлээр орон нутгийн өмчит "Тавантолгой"-д очиж байгаа нь тодорхойгүй байна.

С.ОНОНТУУЛЭх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин
