Кенид гадаадын шинжээчид ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Кенид гадаадын шинжээчид ажиллаж байна

Кенийн Найроби хотын “Westgate” худалдааны төвд Сомалийн жихадист “аль-Шабааб” бүлэглэлийн зэвсэгт дайчид халдлага үйлдэж, олон хүнийг барьцаалсан хэрэг дэлхийн анхаарлын төв ороод байгаа билээ. Кенийн цэргийнхэн өнгөрсөн өдрүүдэд худалдааны төвд бүгсэн жихадистуудын эсрэг тусгай ажиллагаа явуулсны үрд дүнд барьцааны хүмүүсийг суллаж, таван зэвсэгт дайчнийг хөнөөн, 10 сэжигтнийг баривчилсан юм. Харин энэ хэрэгт АНУ, Их Британи, Герман, Израйль, Канад болон Интерполын шинжээчид Кенийн албаныхантай хамтран мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Олон улсын хамтарсан шүүхийн шинжээчдийн баг долоо хоногийн хугацаанд жихадистуудын халдлагын бай болсон худалдааны төвөөс ДНК, хурууны хээ, нотлох баримтуудыг цуглуулах аж.

Цуст халдлагын улмаас 67 хүн амь үрэгдэж, 175 орчим хүн гэмтэж бэртсэн ба хохирогчдын дунд гадаадын есөн орны 18 иргэн байгаа аж. Түүнчлэн жихадистууд худалдааны төвд тэсрэх бөмбөг дэлбэлснээс олон хүн барилгын нурангид даруулсан байгаа учраас амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх гэнэ.  Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата өчигдөр барьцааны иргэдийг суллаж, жихадистуудыг баривчилснаар цуст халдлага дуусгавар болсон гэдгийг мэдэгдэж,  улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж