Роухани: Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Роухани: Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани НҮБ-ын чуулга уулзалтын үеэр Ираны байр суурь, цөмийн эрчим хүч, цөмийн бөмбөгийн эсрэг хэрхэн тэмцэх, дэлхий дахинаа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх зэрэг сонирхол татсан богино хэмжээний ярилцлага “www.swampland.time.com” сайтад өгсөнийг хүргэж байна.

-Ираны хувь НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн орон болох зургаан улстай цөмийн эрчим хүч, цөмийн бөмбөгийн талаар байр сууриа солилцоно. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?

-НҮБ-ын байнгын гишүүн ор­нууд болох зургаан улсын ерөн­хийлөгч, төлөөлөгчтэй манай улсын зүгээс уулзалт хийх хүсэлт илгээсэн байгаа. Мэдээж шинэ бодлого, шинэ байр суурь гэдэг бол тэдний хувьд өөрчлөлтийн нэг хэсэг. Би өмнө нь мэдэгдэж байсанчлан Ираны уран баяжуулах нь цэвэр энхийн зориулалттай ажиллагаа. Би энэ удаагийн уулзалтаар “Яагаад уран баяжуулах нь манай улсад ашиг тустай, барууны орнууд буруу бодолтой байгаа” гэдгийг батлахийн тулд баримттай зүйл ярина. Зургаан талт орнууд өөрсдийн дүгнэлтээ гаргаж, манай улсын хөгжлийн чиг хандлага, хөгжлийн нэг төрлийн тулгуур болох шийдвэрийг гаргах учиртай юм.

-Уран баяжуулах нь өөрөө их эрсдэл дагуулдаг. Таны хувьд үүнийг ямар өнцгөөс харж байна вэ?

-Эрсдэл дагуулдаг гэдгийг дэл­хий өмнө харсан. Осол болсон ч аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байвал адаглаад байгаль орчинд хор хөнөөл багатай байх биз. Эрсдэл дагуулдаг нь үнэн. Гадны орнуудаас дарамт шахалттай байна гэдэг үнэхээр хүнд. Бид олон улсын хөгжингүй орнууд, хөгжиж буй болон буурай орнуудад бүхий л төрлийн цөмийн эрчим хүчний судалгаа хийсэн. Энэ уран гэдэг баялгийг зөв зохистой баяжуулаад, эрчим хүчнээс эхлээд олон чухал зүйлд зарцуулбал маш их хэрэгцээг хангах болно гэдгийг олон жилийн өмнө олж тогтоосон. Иран улсад эрсдэл дагуулсан хөгжлийн үүд нээгдээд байхад олон улсаас биднийг хөгжүүлэх, дэлхийн бусад орнууд шиг хамт мөр зэрэгцэн алхахад юу нь болохгүй байгааг би ойлгохгүй байна.

-Зөвхөн энхийн зориулалттай гэдэг үгийг хэрхэн батлах вэ?

-Цөмийн зэвсэг болон бусад үй олноор нь устгах зэвсэг манай улсын аюулгүй байдал, Батлан хамгаалах яамтай харшилдаг. Мөн хүн амын ёс зүй, тэдний сэтгэхүй, бидний шүтдэг шашинд иймэрхүү төрлийн зэвсэгийг ямар ч тохиолдолд хо­риг­лосон байдаг. Бид бүхнийг тоо­цоолсон байгаа. Ард иргэдийн тү­мэн амгалан, дэлхийн хүн бүрийн сайн сайханы төлөө бид НҮБ-д цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зориулалттай гэдгийг л ойлгуулах, бас батлах болно. Манай орны хувьд маш чухал гэдгийг ч НҮБ-ын аюулгүй зөвлөлийн гишүүн зургаан орон мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Иран НҮБ-тэй хамтран Си­рид хүмүүнлэгийн тусламж үзүү­лэх талаар мэдээлэл гарсан бай­сан?

-Сири болон Ойрхи Дорнодын бусад улсуудад хүмүүнлэгийн тус­ламж үзүүлэхээр манай улс НҮБ-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид тусламжийн гараа сун­гаснаар олон улс руу чиглэсэн үйл ажиллагаа маань сэргэж бай­гаа­гийн эхний жишээ. Гэрээг НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал ха­риуцсан дарга  Валери Амос манай улсын нийслэл Тегеранд айлчлах үеэр байгуулсан. Бид НҮБ-тай үр өгөөжтэй хамтран ажиллахад бэ­лэн гэдгийг дахин хэлмээр байна. Сирид болж байгаа хямрал Ойрхи Дорнодод болсоор байгааг бид харж байгаа. Хүмүүс амиа алдсаар байгаа. Харин бид амиа алдахаа нь өмнө тусалж чадах зүйлээрээ туслах ёстой.

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Иран цөмийн зэвсэг үйлд­вэрлээгүй, энэ төрлийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэдгээ үгээр биш үйлдлээр батлах ёстой” гэсэн байсан. Та Обаматай уулзсан уу. Асуудлыг ярилцаж үзсэн үү?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган дээр Обама тий­мэрхүү зүйл хэллээ. Бид үгээ үйл­дэл болгохын тулд та бүх­ний туслалцаа хэрэгтэй байна. Хэ­лэлцээрийн ширээ бол өөр. Нүүр нүүрээ харж байгаад асуудал юунд байна гэдгийг ярилцаж, бодитой арга хэмжээ авахын тулд тал бүрээс санал бодлоо чөлөөтэй хуваалцах нь өөр хэрэг. Манай улс дэлхийд болоод бүс нутагт ямар ч аюулгүй гэдгийг дахин хэлья. Олон улстай харилцан хамтран ажиллах хү­сэл эрмэлзэлтэй байгаа жирийн л орон. АНУ-тай цаашид харилцаагаа хурцатгахгүй байхыг эрхэмжлэж, эсрэгээрээ сайхан харилцаатай бай­хыг хүсэж байна. Бидний хувьд энхийн зорилгоор хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөрийнхөө талаар бусдын бүхий л эргэлзээг арилгах шаардлага тулгараад байгаа.

-Та цөмийн зэвсэг, цөмийн бөмбөг хэзээ ч үйлдвэрлэхгүй гэдгээ НҮБ-ын бүх гишүүн ор­нууд, дэлхийн өмнө амлаж чадах уу?

-Би амлаж байна. Би дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний эв нэг­дэл, сайн сайханы төлөө цөмийн зэв­сэг, цөмийн бөмбөг үйлдвэрлэх­гүй, үй олноор нь устгах ямар нэг хор­той зэвсэг үйлдвэрлэхгүй гэд­гээ амлаж байна. Энэ бол цэвэр энхийн зориулалттай.

-Цагаан ордноос НҮБ-ын чуулга уулзалтын дараа таныг Ерөнхийлөгчийн ордонд урьсан байсан?

-Би албан ёсны урилга хүлээн аваагүй байгаа. Эхний ээлжинд НҮБ-ын аюулгүй зөвлөлийн зур­гаан орны төлөөлөгчидтэй уулзах ёстой. Энэ талаар дараа нь ярих цаг зав гарна гэдэгт итгэлтэй байна.

-Хэдийгээр хэвлэлүүд та хоёрыг ойрын хугацаанд уул­захгүй байх гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа ч бүх зүйл зургаан талт уулзалтын дараа шийдэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Би өөрийгөө, улс эх орноо тэдний өмнө хангалттай сайн ойлгуулж, илэрхийлж чадна гэж бодож байгаа. Тиймээс Обаматай уулзах юм бол хоёр орны ирээдүйн талаар тухтай санал бодлоо ху­ваалцана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа, Ира­ны шинэ эрин үе ирсэн гэдэг нь таниар дамжин дэлхий нийтэд анзаарагдаж байгаа байх. Ам­жилт хүсье.

Б.БААТАР
Эх сурвалж: “УЛСТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж