Холливудын хамгийн завгүй эр Ханс Зиммер

Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Холливудын хамгийн завгүй эр Ханс Зиммер

Холливудын хамгийн завгүй эр Ханс Зиммер

“Би үд өнгөрсөн хойно орноосоо босч, ганц тамхи асаан, аяга кофе ууна. Тэгээд усны онгоцонд өдрийн бодол болж суудаг. Ийм үед л шинэ санаа орж ирдэг юм. Миний чаддаг ганц зүйл бол хөгжим бичих” хэмээн ярих энэ эрхэм бол киноны хөгжмийн зохиолч Ханс Зиммер. Түүний оюун бодлоос урган гарсан хөгжмийг хаа нэгтээ сонсоогүй хүн байхгүй хэрнээ түүний тухай тэр бүр мэддэггүй.

Багадаа гэрээр төгөлдөр хуур тоглож сурсан ч яс сууж хөгжим давтах дургүй байснаас төгөлдөр хуурын хичээлд олон удаа суугаагүй аж. Түүний ээж нь дуу, хөгжимд дуртай хүн байсан бол аав нь инженер, зохион бүтээгч байжээ. Хансыг төгөлдөр хуурын даралтуудыг өөрчлөхөд ээж нь галзууртлаа уурлаж, харин аав нь тэвчээртэй харж, инээмсэглэн зогсдог байсан гэх. Хансын аав нь түүний багад нас барсан бөгөөд энэ үеэс хөгжим түүний бүх ертөнц болж хувирчээ. Ханс Зиммер кино ертөнцөд хөл тавихаас өмнө рок хамтлагийн гишүүн байв. Харин киноны хөгжимд уруу татсан хүн нь Английн киноны хөгжмийн зохиолч Стэнли Майер байв. Тэд хамтдаа хэд хэдэн киноны хөгжим дээр хамтарч ажилласны хамгийн алдартай нь “Сүүлчийн эзэн хаан” кино билээ.

Ханс Зиммер Англид очиж симфони найрал хөгжмийг электрон хөгжимтэй зэрэгцүүлэн тавих санааг анх сэдэгчдийн нэг. Түүний хөгжимд сэдэвчилсэн, угсаатны давтагдашгүй онцлог шингэсэн байдгаараа алдартай.

Лос-Анжелес хотод байдаг “Медиа Вентурс” хөгжмийн студи нь түүний мөрөөдөж байсан “Дуу бичлэгийн сургууль” нь билээ. Уг хөгжмийн студи нь авьяастай залууст Холливудад алдар нэр олоход нь тусалдаг. Ханс Зиммер 1995 оноос хойш студидээ хөгжмөөр холбогдсон найз нөхөд, уран бүтээлчид, оюутнуудтайгаа хамтарч ажиллаж байгаа аж.

Ханс Зиммер нэгэнтээ “Би санаа нийлсэн хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Би өөрийгөө шүтсэн хөгжмийн зохиолч биш. Авьяастай, чадалтай хэнд ч манай үүд хаалга нээлттэй” хэмээн ярьсан байдаг. 2000 онд шилдэг киноны хөгжим төрөлд Оскарын шагнал авчирсан “Гладиатор” ч мөн л гар нийлсэн, сор бүтээлийнх нь нэг байсан юм. “Гладиатор” киноны хөгжим АНУ-д бестселлер болсон билээ.

Ханс Зиммер одоо “Медиа Вентурс” хөгжмийн студидээ хамтрагч Жэй Роткинсийн хамт кино, телевизийн бүтээл, зар сурталчилгааны хөгжим туурвихын зэрэгцээ “DreamWorks” студийн киноны хөгжмийг хариуцан ажиллаж байна. Ханс Зиммерийн алдартай бүтээлүүд шууран зарагддаг аж. Тиймээс хөгжмийн студиуд хөгжмийн жижиг найруулга дээр хамтарч ажилласан ч түүний нэрийг хамгийн түрүүнд оруулдаг байна.

Ханс Зиммерийг Холливудын хамгийн завгүй хүн гэдэг. Тэрбээр 30 жилийн хугацаанд 100 гаруй киноны хөгжим туурвисны дотор “Борооны хүн”, “Араатны хаан арслан”, “Далайн түрлэг”, “Номлогчийн эхнэр”, “Египетийн хунтайж”, “Нарийн улаан зурвас”, “Гладиатор”, “Сүүлчийн самурай”, “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал, “Да Винчи код”, “Фрост/Никсон”, “Харанхуйн хөлөг баатар”, “Шерлок Холмс”, “Оршил” зэрэг бүтээлүүд нь хамгийн алдартай нь билээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг Уолт Диснейн хүүхэлдэйн кино болон DreamWorks-ийн анимэйшн бүтээлээр нь сайн мэддэг болсон бол киноны хөгжимчид түүний “Далайн түрлэг” киноны хөгжим уран бүтээлийг карьерт нь эргэлт авчирсан гэж үздэг.

Грэммийн шагнал авчирсан “Далайн түрлэг” киноны хөгжим тогтсон стандартаас тэс өөр байв. Тэрбээр дижитал синтезатор, цахилгаан даралтат хөгжим, хамгийн сүүлийн үеийн компьютерийн тусламжтайгаар уламжлалт найрал хөгжимтэй хосолсон хүчтэй бүтээл туурвисан юм. Киноны хөгжмийн түүхэнд Зиммерээс өмнө хэн ч цохивор, гоцлолуудыг угсаатны онцлогтойгоор электрон хөгжимтэй хослуулж байгаагүй юм.

Ханс Зиммерийн хөгжмийг хаа нэгтээ сонсоогүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэвч хүмүүс түүний хөгжмийг сайн мэддэг хэрнээ түүний тухай тэр бүр мэддэггүй. Ханс Зиммер өөрийнхөө хөгжмийг өөрөө удирддаггүй, олны өмнө тоглохдоо дурамжхан аж. Түүнийг том тайз, тоглолт дээрээс хайгаад нэмэргүй.  Ханс Зиммер тэр үед чинь Эннио Мориконегийн “The Mission”-ийг сонссон шиг, хажуудаа аягатай кофегоо тавьчихсан, Ямаха хөгжим дээрээ ая тоглоод сууж байх болно.

Холливудын нэрт найруулагч Стивен Спилберг хүртэл түүнийг шүтэн биширдэг аж. Олон хүмүүс Стивен Спилбергийг яагаад Ханстай нэг ч бүтээл дээр хамтарч ажиллаагүй юм бол гэж гайхах нь бий.  Стивен Спилберг, түүний эртний найз, үнэнч хамтрагч Жон Уильямс нарын олон жилийн нөхөрлөл нь үүний тайлбар гэлтэй. Ханс Зиммер хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “Миний ажил бол киноны ертөнцөд урьд хожид байгаагүй зүйлийг олох. Би олон нөхөдтэйгээ хамтарч ажилладаг. Жишээлбэл, Тони Скот кино хийх болсон бол би үүнийг зураг авалт эхлэхээс нь өмнө мэддэг. Би түүнтэй таарах бүртээ кино цаашид яаж өрнөхийг сонсоно. Харин кино дэлгэцэнд гарах үед ямар хэсгийг нь дутуу ярьсныг, бас зураг авалтын үед юу болсон нь мэдэгддэг. Аливаа зүйлийг хөгжим гүн гүнзгий илэрхийлнэ. Хөгжим таны илэрхийлж, гаргаж чадахгүй байгаа зүйлийг хурц тод, уран сайхнаар өгүүлнэ. Гэвч илүү сайныг бүтээх хүсэл намайг тайван суулгадаггүй.”

“Би машин барьдаггүй. Туслах намайг студид хүргэж өгөхөд би хуанли дээрээс бүтээлээ дуусгахад хэд хоног үлдсэн, хэд хоног дутуу байгааг харна. Хугацаа болоход цөөхөн хоног үлдсэн бол сандарч, бүтээл дээрээ шаргуу ажиллах болдог. Тэгээд л гараас юм гартал ноорог хийнэ дээ. Юу ч бодохгүй үед л сайхан аялгуу санаанд орж ирдэг юм”

“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны хөгжим ердөө дөрөвхөн цагийн дотор гарч ирсэн. Санаандгүй хэрнээ гайгүй аялгуу болсон. Бид энэ хүүхэлдэйн киног бүтээх гэж бараг дөрвөн жил болсон ч хөгжмийг зохиох тэр үе хүртэл баярлаж чадаагүй. Харин “Далайн түрлэг” киноны хөгжмийг бичихэд би студи рүү ороод л юу хийх ёстойгоо мэдсэн” хэмээн өгүүлж байжээ.

“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны хөгжим нь түүнд 1995 онд “Оскар”-ын шагнал авчирсан юм. Хоёр удаа “Алтан бөмбөрцөг”, гурван удаа Грэммийн шагналын эзэн болж байсан Ханс Зиммерт хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлж удахгүй Classic Brits шагнал олгохоор болжээ.

Ханс Зиммер одоо найруулагч Кристофер Ноланы хамтаар “Spider-Man 2” кинон дээр ажиллаж байна.

Н.ЭНХТУЯА
Эх сурвалж: “NEWSWEEK” №030
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж