Хуучирсан мэдээ: 2013.09.26-нд нийтлэгдсэн

Захирлуудын зовинол

Компанийн захирлууд ярих зүйл ихтэй байна. Эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах гарцыг тодорхойлон ярилцана гэсэн ерөнхий зорилготой байсан “Сео саммит-2013” чуулганаар төрийн бодлого, татварын тогтолцооноос эхлээд, валютын ханш, ажилчдын цалин, өдөр тутмын ажилд тохиолдож байдаг үй олон саад бэрхшээл гээд олон асуудлыг хөндөж ярилцав.

"Шилэн хийц" компанийн захирал саяхны бараа бүтээгдэхүүний “гацалт”-ыг ердөө л татварынхны гэнэтийн “ажиллагаа”-наас болсон гэж ил шууд хэлж байв. Намар, хаварт Замын-Үүдийн ачаалал ихэссэнээс “түгжрэл” үүсч, энэ нь олон салбарын ажилд нөлөөлдөг гэдгийг дээр дооргүй ярьдаг. Энэ намрын хувьд ч нэлээд хүндрэл Замын-Үүдийн “түгжрэл”-ээс болсон гэж албаны хүмүүс ярьж байсан. Тэгвэл энэ удаагийн гацаа ердөө л  төсвийн орлогыг нэмэхийн тулд арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Замын-Үүдийг зорьсноос болсон гэж байдлыг нүдээр үзсэн хүмүүс ярьж байна. “Төсвийн орлого тасарсан” ганц том тайлбартай татварынхан гэнэт татвараа өсгөж, орлогоо нэмэх гэж дайрч, өмнө нь 50 мянган төгрөг төлөөд хилээр орж гардаг машинтай хүмүүсээс гэхэд 200 мянган төгрөгний татвар авна гэсэн тулгалт гарч ирснээр машинтай хүмүүс хилийн цаана өдрийн 50 мянган юань төлөөд татварын гэнэтийн шалгалтынхныг нийслэл рүүгээ буцахыг хүлээгээд “хэвтчихэж”. Ердөө л ийм шалтгаанаар Замын-Үүд дээр баахан бараа бүтээгдэхүүн гацаж. Үр дүн нь гэвэл өмнө нь өдөрт 50 сая төгрөгний татвар хураамж цуглуулдаг байсан татварынхны орлого өдөртөө 20 сая төгрөг болж буурсан, юун орлогоо нэмэгдүүлэх даарин дээр нь давс асгаад явсан хэрэг болсон бололтой юм.

Энэ мэт жижиг гэмээр саад бэрхшээл том эдийн засагт ч савлагаа үзүүлдгийг бизнес эрхлэгчид ярьж байна. Ийм саад бэрхшээл хаанаас “босч” ирдгийг мэдээж тааж цөхөх зүйлгүй. Төр гэж бидний цогцлоосон дарамт, дээр нь өдөр бүр нэмэгдэж байдаг хүнд суртал, хуулийн гажуудал, цаашилбал бодлогын гажуудал, хууль журмын тодорхойгүй байдал бизнес эрхлэгчдийг зовоож байдгийн нэг илрэл. Хэнд ч гай бололгүйгээр бор зүрхээрээ зүтгэж, бизнесээ босгож, татвар төлж, ажилчдаа цалинжуулж, төсвийг тэжээж байгаа бизнес эрхлэгч бодит байдал дээр өдөр бүр тэсч үлдэх их тэмцэл дунд буцалж, амьдралын энгийнээс эхлээд зарим нэг дүр эсгэгч, судлаач, төрийн албат тушаалтнуудаас хэдэн хувь илүүгээр бодит үнэнийг хэлж, гарцыг олж чадах нь зүй.

Тийм ч учраас тэдний үг, зүтгэл үнэтэй гэдгийг ашгүй манай төрийнхөн ч олж хардаг болж байгаа нь басхүү сайшаалтай. Гэхдээ засч залруулах үй түмэн асуудал байсаар байгаа гэдэг нь өчигдөр Төрийн ордонд болсон компанийн захирлуудын дээд хэмжээний “Сео саммит” уулзалт харууллаа.

Зарим хүний хувьд ёжлоод ч байгаа юм шиг сонсогддог “Төр засгийн зүгээс их зүйл хийж байгаа” гэсэн тайлбар мэдээж энд ёс юм шиг дагалдана. Үнэндээ ч үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг 50 орчим төгрөгийн хэлбэлзэлтэйгээр “барьж“ чадсан, барилгын салбарын “сааралт”-ыг зогсоосон гээд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нарын ярьж байгаа сайн мэдээлэл бий. Гэвч “газар” дээрээсээ л асуудал босч ирэв. “Сүүн сондор” компанийн захирал Болормаа бүсгүйн ярьж байгаагаар салбарынхаа 20 хувийг бүрдүүлэгч шингэн сүүний долоон үйлдвэр /зах зээлийн 80 хувьд нь хуурай сүү ноёрхдог/-ийн хоёр нь хаалгаа барьж, тав нь дампуурахад ойрхон байгаа атал зөвхөн “Үндэстэн” гэх компанид л сүүний салбарыг дэмжих зээлээ олгосон гэнэ. Тэрээр “Тэртээ тэргүй хүнд байдалд байдаг шингэн сүү үйлдвэрлэгчид одоо яах вэ? Хорин жил үнээний дэл шувтарч байгаа хүнд зээл олгох боломж байна уу” гэж асуув. Тэгэхдээ зэрэг “Үндэстэн” компанийн захирал тус компанид ямар ч зээл олгоогүй байгаа гэдгийг хэлж, харин ч олгоно гэж амласан зээлээ хэзээ өгөх вэ гэж төрийн албатуудаас ам асуув. Зээл олгоно, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж албаны хүний амнаас сонсогддог сайхан үгний хэрэгжилт нь ямархуу байдгийн нэгэн жишээ нь энэ. Уг нь “Үндэстэн” компани саяхан 155 үнээ оруулж ирж байгаа гэсэн сайхан мэдээ сонсогдож байсан. Тэдний компанийн хувьд ч бусдын л адил төрөөс сонсогдох зээлийн сургийг хүлээнгээ өөрсдийнхөө хөрөнгөөр үйлдвэрээ байгуулж ажил хийж яваа л хүмүүс юм.

Заримд нь сайхан сонсогдох мэдээний саар талын бас нэг жишээ. Үндэсний үйлдвэрлэгчид оёдлын компаниудаа дэмжинэ гэсэн эрхэм зорилгоос “мэндэлсэн” шинэхэн сурагчийн дүрэмт хувцас. “Энэ бол үнэндээ Үйлдвэр, худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан хэсэг бүлэг нөхдийн өөрсдийнхөө ивээлд л байдаг хэдхэн компани буюу нэг төрийн бус байгууллагад харьяалагдах долоон аж ахуйн нэгжийг л ивээж, бусдыг нь ялгаварлан гадуурхсан явдал” гэж Монголын дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Төмөрбаатар хатуу хилэнтэйгээр мэдэгдлээ. Цаашилбал өмнө нь 26-45 мянган төгрөг байсан дүрэмт хувцсыг 148 мянган төгрөгөөр худалдаж авахаас өөр аргагүй болгож, эцэг эхчүүд, хүүхдүүдийг ч хорлосон хэрэг гэж тэрээр үзэж байгаа аж.

Энэ мэтчилэнгээр сайхан зорилготой мэт боловч бизнесийнхнийг үнэндээ “алж” байдаг төрийн оролцоог эсэргүүцэн шүүмжлэх уур амьсгал ерөнхийдөө л энд цуглагсдын дийлэнхээс мэдрэгдэхээр байлаа. “Сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Төмөрбаатар үүнийг “Өнөөдрийг хүртэл 23 жил бидэнтэй төр өрсөлдөж ирлээ” гэж тодорхойлов. Тэрээр төрийн оролцоог “үзэн яддаг”-аа ийн илэрхийлж, Засгийн газар, яамд мөнгө хуваарилах ёсгүй, төрийн байгууллагад А-4-ийн цааснаас өөр зүйл худалдан авах ёсгүй гэсэн хатуу үг шидлэв. Үнэндээ ч өнөөдөр Монголд төр хамгийн том худалдан авагч бөгөөд, ажил олгогч, бас бизнесийнхний хамгийн “том” өрсөлдөгч болоод байгааг олон хүн хүлээн зөвшөөрөв. Төрийн өмнөөс тэнцэж ядан байгаа үндэсний гэгдэх үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид ямархан хүчтэй өрсөлдөгч байх вэ дээ? Тийм ч учраас жолоо баригч гэж итгээд байгаа төрийн цулбуурыг нь бизнес эрхлэгчид бид өөрсдөө барьж, мөнгөн баавартай эмээл дээр нь ард түмэн тухлаж байг гэсэн санааг илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, тэрээр МҮХАҮТ-ын дэргэд зөвлөл байгуулж, төрийн жолоогүй оролцоог хумья гэсэн санаачлага гаргасан юм. 

“Сео саммит”-д Монголын топ компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гол удирдагчид буюу захирал, мэргэжлийн холбоодын төлөөлөл 500 гаруй хүн оролцож байгаа гэсэн. Харин нэгэн захирал бээр энэ танхимд цугласан хүмүүс бол Монголын хамгийн “тамиртай”, бүр өөрөөр хэлбэл хамгийн тэнэг хүмүүс гэж гомдонгуй хэлж байв. Тэдний хувьд ажлын байр бий болгож, татвар төлж, баялаг үйлдвэрлэж байгаа мөртлөө төр, татварын дарамт гээд үй олон бэрхшээлийг сонгож ийн ажиллаж байгаагаар тэнэг ч гэж хэлж болохоор гэсэн нь гомдсон сэтгэлийн “мухар”-ийн үг ч байж магадгүй. Тэд эрсдлийг өөрсдөө л даахаар сонгосон зам нь мөн ч зах зээлийн системд арай ч нийцэмгүй, бүр байж боломгүй хүндрэлүүдийг сөрөх гарах, хүч итгэл ч алдарч магадгүй болоод байгаа нь ч бий гэнэ. Бүр наад захын жишээ гэхэд л үйлдвэрлэл эрхэлснээс байр, байшин түрээслүүлээд амьдрах нь хамаагүй хялбар, амар арга зам гэхээр нөхцөл байдал ч үүсээд байгаа. Энд бас томчууд л том том байшингаа түрээслүүлээд амьдраад байхад хүчээрээ зүтгэж байгаа нь яагаад хүчийг олж чадахгүй байна вэ гэсэн бухимдал сонсогдож байсан. Өөрөөр хэлбэл, түрээсийн үйл ажиллагааны хууль журам, татварын орчныг бас эргэж харах цаг болсон гэсэн шаардлагыг тэд тавьж байлаа.

Бизнес эрхлэгчдийн хувьд мэдээж хамгийн их санаа зовоодог зүйл нь татварын тогтолцоо. Тэд ажлын байр нэмснийхээ төлөө бид татварын шийтгэл хүлээж байна гэж гомдоллж байна. Өөрөөр хэлбэл, ажлын байраа нэмэх, эсвэл ажилчдынхаа цалинг ихэсгэе гэсэн ч татварын буулган доор яаж ч чадахгүй байна гэж халаглаж байгаа юм. Компанийн захирлуудын амнаас олон сонсогдож байсан үг нь мэдээж НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татвар. Энд НӨАТ-ын татварыг халах, эсвэл багасгах санал хүчтэй сонсогдож байсан бол хариуд нь ч мөн төр бий тул татвар бийн учир НӨАТ-аа бид төлөх л ёстой, харин босго байх нь зөв эсэх, босго хэд байх ёстой талаар мөн асуулт санал, санаачлага сонсогдож, алга ташилт дагалдаж байв. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн С.Дэмбэрэлийн хэлснээр бол өнөөдөр НӨАТ-өөс болж асуудалд ороод байгаа 2500 компани байгаа аж. НӨАТ-ын асуудлаас болж өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгтэн болоход ойрхон байгаа компанийн захирлууд ч олон байгаа аж. НӨАТ-ын зөрчлийн будилааны хэмжээнээсээ шалтгаалаад эрүүгийн хуулийн зүйл ангиар ял оноох хэмжээний байдаг учир олон компанийн захирал эрүүгийн гэмт хэрэгтэн болоход ойрхон байдаг, тийм ч учраас энэ талаар бас зохицуулах, ярилцах зүйл байгаа гэж МҮХАҮТ –ын С.Дэмбэрэл хэлж байсан. Тус танхимын дэргэд татварын асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Үүнд нэгдээрэй гэж тэрээр уриаллаа.

Нөгөө талаар бизнесийн орчны эс ширхэг бүхнийг мэдэж, амьдралд нь хутгалдаж байдаг бизнесмэнүүдийн хувьд бас мэдээлэл солилцох, санал бодлоо илэрхийлэх байдал дутмаг байдаг гэсэн утгатай анхааруулгыг чуулганд оролцсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг үдээс өмнөх хуралдаан дээр хэлж байсан. Тухайлбал, гаалийн бүрдүүлэлтэд шаарддаг бичиг баримтыг цөөлөхөөр болсон боловч үнэн хэрэгтээ цөөлсөн гэх боловч өмнө л шаардаж байсан нөхцлүүдээ тэр хэвээр нь тусгасан байгаа бизнес эрхлэгчид бүгд мэдэж байсан ч хэн нь ч албан ёсоор гомдол, санал гаргаагүй л байгаа жишээг тэрээр дурдлаа. Энэ мэтчилэн олон асуудал байгаа  хийгээд бизнест хамгийн гол нь төрийн оролцоог хязгаарлаж, өрсөлдөөний тэгш нөхцлөөр л уралдахын чухлыг захирлууд онцлон сануулав. Зөвхөн төрд “нүүртэй” компаниудад л давуу эрх, хөнгөлөлт олддог, цаашилбал жижгүүдийг улам жижигрүүлж, томууд улам л томрох бодлого явсаар байгаа. Гурван төрд ч нүүртэй компани байхад 23 жил бор зүрхээрээ ажиллаад ч томорч чадахгүй, дарамтанд нухлуулж байгаа компаниуд буй гэдгийг тэд бас хэлж байлаа.  Ийнхүү хоёр жилд нэг удаа чуулдаг компанийн захирлуудын гурав дахь удаагийн уулзалт өндөрлөлөө. Зохион байгуулагч МҮХАҮТ-аас тайлбарлаж байгаагаар бол энд яригдсан санаа оноо бүхнийг нэгтгэн төрийн бодлогод тусгуулах, ажил хэрэг болгох зорилготой юм байна. Өөдрөг үр дүнтэй байх болтугай.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж