Н.Энхбаяр итгэл сулруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр итгэл сулруулж байна

Нийслэлийн төв талбайд зохион байгуулсан “Бүх ард түмний хуралдай” гэгчид оролцсон хүмүүсийн тоо, хүмүүсийн санаа бодлыг сонсож байхад энэхүү хуралдайг ард иргэдийн дийлэнх нь дэмжихгүй байх шиг. Учир нь энэхүү жагсаал цуглааны ар талд хүмүүсийн бухимдал дээр тоглож,  улс төрийн ашиг хонжоо олж авах гэсэн хэсэг бүлэг увайгүй хүмүүс байгаа нь ил тод болжээ. Эдгээр хүмүүсийн улс төрийн тоглоом болохоос нийгмийн дийлэнх хэсэг болгоомжилж байгаа нь мэдрэгдэж байна. Өнөөдөр хүмүүс нийгэмд болж байгаа үйл явдлын жинхэнэ мөн чанарыг олж харж, үнэлэлт дүгнэлт өгч чаддаг болсныг, харин улс төрийн ашиг хонжоо хайсан эдгээр хүмүүс ухаараагүй байгаа нь эргээд өөрсдийнх нь нэр хүндийг баллаж байна. Харамсалтай нь энэ хүмүүст төр засгийг шантаажилж,  дарамтлахаас өөр зам үлдээгүй бололтой. Улс төрөөс арчигдаж эрх мэдэл албан тушаалгүй хоцорсондоо өширхсөн, гомдсон эдгээр хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд байгаа гол хүн нь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдэг нь ч нэгэнт тодорхой болжээ. Улс төрийн бүх л өндөрлөгт байсан түүний үед хээл хахууль, авилгал, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг хүчээ авч байхад тэрээр олигтой тэмцээгүй хэрнээ өнөөдөр гэнэт бүх л муу муухайг өнөөгийн төр засаг руу чихээд сууж байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлэхээс аргагүй юм. Түүний энэ байдлыг эргэж эрх мэдлээ олж авах гэсэн санаархал гэж нийгмийн дийлэнх хэсэг үзэж байгаа бол өөр нэг хэсэг нь бүр ноцтой байдлаар тайлбарлаж байна. Улсын хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудлыг хуулийн байгууллага шалгаж, эхнээсээ өмч хөрөнгийн асуудал нэр холбогдож эхлэхтэй зэрэгцэн түүний улс төрийн тэмцэл идэвхжиж байгаа нь асуудлыг улс төржүүлж, иргэний хөдөлгөөнийхний болон улс төрийн хүчнийхний өмгөөлөлд багтах гэсэн давхар зорилго агуулж байна гэж үзэх хүмүүс ч байгаа бололтой.

 Харин иргэний хөдөлгөөнийхөн Н.Энхбаярын далд санааг мэдсээр байж түүний улс төрийн тоглоом болж байгаа нь хачирхалтай. Иргэний хөдөлгөөнийхөн түүнийг эгнээндээ нэгтгэснээр олон нийтийн тэдэнд итгэх итгэлийг алдаж байгаагаа уг нь олж хармаар юм. Яагаад тэд Н.Энхбаяраас зайгаа авч, хөндийрөхгүй байна. 1990 онд МоАХолбоо социализмын чиг баримжааг тууштай баримталж, хүчирхийлэлд уриалж байсан хүмүүсээ эгнээнээсээ хөөж, эгнээгээ цэвэрлэж байснаараа зорилгодоо үнэнч байж, зорьсондоо хүрсэн байдаг. Харин өнөөдрийн гашуун үнэн бол чухамдаа иргэний хөдөлгөөнүүд улс төрийн ашиг хонжоо хайсан хүмүүсийн тоглоом болж байгаа нь иргэний хөдөлгөөнийхэнд итгэх итгэлийг сулруулсаар байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж