Олон-Овоотод шалгалт оруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Олон-Овоотод шалгалт оруулжээ

Үйл ажиллагаа нь хоёр жил гаруйн өмнөөс доголдсон Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагаа явагдсаны дараа “Би энгийн иргэн” боллоо хэмээн мэдэгдэж байсан “Жаст”-ын Ш.Батхүүг энэ сарын 23-нд дахин баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнтэй хамт Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан зарим албан хаагчийг ч баривчилж, хорьсон бололтой.

Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авахдаа Монгол Улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан Ш.Батхүүгийн хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон тус хорооны зарим нэр бүхий ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Хамаг хөрөнгөө зарахыг нь зарж, өрөндөө өгөөд байгаа гэх “Жаст”-ын Ш.Батхүү өөрийнхөө дампуурлыг Олон-Овоотыг Ц.Мянганбаяраас худалдаж авсан цагаас эхэлсэн гэж ил тод зарласан билээ. МАН-ыг засаг барьж байх үед тендер бүхийг гартаа оруулсан “Жаст”-ын эзний бизнес Монголын эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн ид цэцэглэсэн ч энэ хүрээд өндөрлөнө гэж хэн ч санаагүй биз. Түүний арыг хариуцдаг том ноён байдаг, тэр нь С.Баяр гэсэн яриа бий. Нэг хэсэг гадаадад амьдарч байгаад өнгөрсөн зунаас Монголдоо ирсэн С.Баярыг энэ хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан гэх мэдээлэл байгаа ч тэрбээр надаас хэн ч, ямар ч байцаалт аваагүй гэж сонин хэвлэлээр зарласан.

Олон-Овоотын нөөцийг Уул уурхайн яам судалж байна

Олон банкны барьцаанд тавигдаж, авсан өгсөн болгоны хувь заяа нь дампуурлаар төгсдөг Олон-Овоотын асуудал өнөөдөр ч эцэслэгдээгүй байна. Олон-Овоот ордын нөөцийг Ц.Мянганбаяр хуурамчаар батлуулснаас болоод асар их хохирол амссан гэж мэдэгдсэн Ш.Батхүү тухайн үедээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 18.5 тонн алтны нөөцтэй гэж тогтоогдсон “А” лиценз бүхий талбайг худалдаж авсан байдаг. Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс баталсан 18,5 тонн, Ц.Мянганбаярын өөрийнх нь хэлсэн 25 тонн алтны нөөцийн аль аль нь байгаагүй гэж тэрбээр  хэвлэлийнхэнд тайлбарлаж байсан юм. Ямар ч байсан одоо дөрөвхөн тонн алтны нөөцтэй гэгдээд буй Олон-Овоотын нөөцийг тогтоохоор Уул уурхайн яамнаас ажлын хэсэг гарган шалгаж байгаа юм байна. Тус яамны ажлын хэсгийнхны дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд хэрэвзээ Ш.Батхүүгийн хэлсэн үнэн бол тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөн болоод Ц.Мянганбаяр нарт хариуцлага тооцож болзошгүй юм. Харин батлагдсан нөөцийн хэмжээ нь өмнөх тоотойгоо яг таарсан тохиолдолд хүн гүтгэсэн, хүний нэр төрд халдсан гэх зүйлчлэл Ш.Батхүүгийн өдүүлсэн хэрэг дээр нэмэгдэнэ.

Эрдэнэт үйлдвэр, ТӨХ ажлын хэсэг гаргажээ

Хоёр банкийг хооронд нь нэгтгэх үйл явц ид өрнөж байх үед 200 тэрбум төгрөгийн активтай Хадгаламж банкийг Төрийн банкинд өгч байгаа гэж Ш.Батхүү дуулгаж байсан. Тэрбээр Засгийн газрыг ажилдаа орсны дараа “Хадгаламж”-аас авах ёстой мөнгөө авч, өрөө дарна гэдгээ ярьж байсан билээ. Тэгвэл Ш.Батхүү төрөөс нэг ч төгрөгийн авлагагүй, харин өглөгтэй гэдгийг зарим албан бус эх сурвалжууд ярьж байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд “Жаст групп”-ийн охин компани болох “Жаст агро” компаниар нөөцийн мах бэлтгүүлэх зорилгоор өгсөн 76 тэрбум төгрөг, шатахууны үнийг тогтворжуулахын тулд импортлогчдод олгосон хөнгөлөлттэй зээлээс 7 тэрбум, нийтдээ 84 тэрбум төгрөгийн асуудлыг “Хадгаламж”-ийн цорын ганц хувь эзэмшигч болох Ш.Батхүүгийн нэр дээр яригдана.

Нөгөө талаас “Стандарт” банкинд төлөх ёстой 160 сая.ам.долларын өрийг хэн төлөх вэ гэсэн асуулт үүсээд байгаа. Авсан зээлээ тэрээр цаг тухайд нь төлөөгүйгээс болж “Стандарт” банк Лондонгийн Арбитрын шүүхэд хандаад байгаа бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийг батлан даагчаар, “Жаст” группыг хариуцагчаар дууджээ. Гэтэл “Жаст” групп нь өнөөдөр дампуурлаа зарлачихаад байгаа. Энэ ээдрээтэй хэргийн учрыг олохоор Хууль зүйн яам, Монголбанк, "Эрдэнэт" үйлдвэр, Төрийн өмчийн хорооныхноос бүрдсэн ажлын хэсэг бас ажиллаж байгаа юм байна.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж