Барак Обама НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2013.09.25-нд нийтлэгдсэн

Барак Обама НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд үг хэлсэн байна. Барак Обама Ерөнхий Ассамблейн хурлын индрээс юун түрүүнд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, Иран, Иракийн дайны талаар дурьдаж, Гуантанамо шоронг хаахаар зорьж буй тухайгаа ярьжээ. Дараа нь тэрээр Кенийн Найроби хотын худалдааны төв халдлага үйлдэж, хүн барьцаалсан хэрэг гарч, олон хүний амь үрэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Барак Обама Пакистан, Иракт амиа золиослогчийн халдлага үргэлжлэн гарч, Ойрхи-Дорнод, Хойд Африкт үймээн самуун, зөрчил тэмцэл өрнөсөөр байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Цааш нь тэрээр сүүлийн үед дэлхийн анхааралд ороод байсан Сирийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлжээ. Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Сири асуудлаар хүрснээр Башар аль-Ассадын талаас химийн зэвсгийн нөөцөө устгах ажилд эхний алхамыг хийгээд буй тухай  ярьсан ба тэрээр Сири химийн зэвсгээ устгана гэсэн амлалтандаа хүрэх эсэхийг найдлага тавин харж байгаа гэнэ. Гэхдээ Сири химийн зэвсгээ устгах шаардлагыг биелүүлэхээс татгалзсан нөхцөлд НҮБ сүр хүчээ мэдрүүлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ. Түүнчлэн Барак Обама АНУ-ын зүгээс Сири болон түүний ойролцоох улсуудад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид нэг тэрбум ам.долларыг төсөвлөөд байгаа дээр нэмж 340 сая ам.долларыг зарцуулах болсноо мэдэгджээ. АНУ-ын Төрийн тэргүүн эцэст нь Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийх санал тавьж, Израйль ба Палестины харилцаа сайжирч байгааг олзруухаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Египетэд өрнөсөн цэргийн эргэлт, Малид явуулсан Франц, Арабын холбооны цэргийн ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж