УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхийн хүрээнд Ж.Батзандан гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Мөн тэрээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд өнөөдрөөс эхлэн олон нийтээс санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна. Төсөлд тусгаснаар,тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах тухай санал гарагсныг УИХ хүлээн авсан тохиолдолд эргүүлэн татах, намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эгүүлэн татна гэсэн нэмэлт өөрчлөлтийг тусгасан байна. Ж.Батзандан гишүүн уг төслөө олон нийтээр хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих юм байна. Мэдээлэл хийсний дараа Ж.Батзандан гишүүн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцох тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Мөн бүлгийн хуралдаан дээр таныг Н.Алтанхуягтай ам зөрчсөн гэсэн мэдээлэл байсан?
-Ардчилсан намын аль ч гишүүн намын даргыгаа шүүмжилдэг, дарга, олигархиудаасаа айхгүйгээр шүүмжилдэг, оновчтой үгээ хэлж чаддаг нам бол АН. Намын даргатайгаа маргана гэдэг бол АН-ын хувьд энгийн зүйл. АН-ын гишүүний хувьд хэлэх ёстой үгээ, зайлшгүй Засгийн газрын бодлогыг шүүмжлэлээ хэлээд явж байгаа. Хэн нэгний эсрэг, Засгийн газрыг унагах, хэн нэгэн сайдыг огцруулах тухай асуудлыг одоохондоо яриагүй.