Японы Токио хотноо өнгөрөгч даваа гаригт эхэлсэн “Pan Pacific Open” тэмцээний нийт шагналын сан 2,3 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд дэлхийн топ арван теннисчдээс зургаа нь оролцож байна. Беларусын Виктория Азаренка (2), Польшийн Агнешка Радваньска (4), Италийн Сара Эррина (6), Данийн Возняцки (8), Германы Кербер (9), Сербийн Елена Янкович (10) нарын шилдэг теннисчид оролцож байгаагаас Азаренка, Сара Эррина нараас бусад нь шөвгийн 16-д шалгараад байна.
Тэмцээнийг тэргүүлэн тоглосон Беларусын Виктория Азаренка гуравдугаар тойрогт АНУ-ын Винус Уильясмтай оноолт таарсан. Энэхүү тоглолтод Винус 6:2, 6:4-ийн харьцаагаар хоёр үеийн турш өрсөлдөгчөө буулган авснаар дараагийн тойрогт шалгараад байна.
Тоглолтын дараа шилдэг тоглогчид ийнхүү өгүүлжээ.
“Их дуулга”-ын гурван түрүүт, Лондонгийн олимпийн хүрэл медальт Беларусын Виктория Азаренка: “Би гурван өдөр бэлтгэл хийж чадаагүй. Бүр шөнө ч унтаагүй, халуураад байсан. Магадгүй би ямар нэг онцгүй юм идсэн байх. Надад их хэцүү байсан. Тиймээс шилдэг тоглогчийн эсрэг тоглоход тоглоход хүнд байлаа. Өөрийн чадварын 20 хувийг гаргасан” гэжээ.
“Их дуулга”-ын долоон түрүүт, дэлхийн тэргүүн теннисчин болж явсан АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс: "Азаренко урьдынхаараа тоглоогүй. Бие өвдөж байхад анхаарлаа төвлөрүүлэх хэцүү байдаг. Түүнийг тайван бус байсныг би мэдэрсэн. Түүний биеийг сайжраасай гэж бодож байна" гэж өгүүлжээ.
Тус тэмцээний шөвгийн 16-ын тоглолт өнөөдөр болж, 1/8-д өрсөлдөх теннисчид тодрох юм.