
Өчигдрийн твиттер орчин дахь гол ярианы сэдэв ганц нэг хүний амнаас гарсан үгийг тойрч, удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Өршөөлийн хуулийн талаар үргэлжиллээ. “Дааганаас биш түйтрээс болж нэг "унах" энэ күмүүс юм даа” гэх жиргээний эзэн хэн байв. Гол нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл нарын хооронд өрнөсөн “маазрал”. Гишүүн Л.Энх-Амгалангийн “Та өнөөдөр яасан гунигтай байх юм. Намар болсны шинж уу” гэсэнд нь С.Дэмбэрэл гишүүн “Ойрд хүүхэндээгүйн л шинж байх даа” гэчихэж.
Хэдийгээр энэхүү үгээ С.Дэмбэрэл гишүүн зөөллөх санаатай “арай өөрөөр хэлбэл: ойрд эмэгтэй хүнтэй уулзаагүйнх байх”гэсэн ч нэгэнт “амнаас уначихсан” үгийг буцаах арга байсангүй. Ингээд л жиргээчид “хүүхэнддэг Дэмбэрэл” “УИХ-ын гишүүн хүн иймэрхүү хөнгөн хуумгай байж болдог л юм байх даа” гэж жиргэцгээв.

Өнөө “явалдагч Дэнзэн” гэх шуугианы хэмжээнд хүрээгүй ч тэрүүхэн тэндээ хөөрхөн шуугилдаад авав. “Хүүхэндэгч Дэмбэрэл”-ийн жиргээний хажуугаар “Өршөөлийн хууль” хэсэг ярианы сэдэв болов. “Энэ хууль батлагдаж хоригдлууд суллагдсанаар 12 тэрбум төгрөг хэмнэнэ” “Өршөөлийн хууль гэгчээр улс төр хийхээ болиосой” “Улсын хэмжээнд одоогоор хорих ял шийтгүүлсэн 8000 орчим хүмүүжигч байгаагаас 3000 орчим нь Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой” гэх мэт гол мэдээллүүдийг биендээ дамжуулав.
Өнгөрөгч өдрүүдэд Т-ара шиг арай ч талцаж муудалцаагүй ч Өршөөлийн хууль гаргах нь зөв буруу гэсэн байр сууриуд үргэлжилсээр байв. Шоронгоос гарсан хүмүүс хэргийнхээ кариерийг өсгөөд буцаад ордог. Өмнө нь хулгай хийсэн хүн дээрэм хийгээд ордог. Дээрэм хийж байгаад шоронд орсон хүн хүн алаад ордог шүү дээ гэж болгоомжлох нэгэн ч гарав. Гэвч үүний хариуд Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсийн 6 хүрэхгүй хувь нь эргэж ордог, үлдсэн хувь нь дахиж алддаггүй гэх хариулт ч байв.
Т-агагийн сэдэв үдээс хойш дахиад л өрнөв. Өнөө Т-Ага хамтлаг нь гэр хорооллын гудамжинд зургаа авахуулсан нь маргааны сэдэв боллоо. Нэг хэсэг нь “за манай “од”-уудын зургаа ч авахуулахаас ичдэг газарт нь Т.Ага зургаа авахуулчихсан байна” гэж бахархсан бол нөгөө хэсэг нь цомгийнхоо нүүрэнд очиж очиж ийм зураг авахуулаад яадаг юм. Монголыг доош нь хийж байна” гэх агуулгаар шүүмжиллээ. Энэ мэт сэдэв дамжиж жиргэж байх хооронд өдөр өнгөрлөө.
Цэцэрхсэн, нэг онч сайхан үг олоод хэлчих гэсэн, шүүмжилсэн, идсэн уусан, явсан сууснаа танилцуулсан жиргээгээр дүүрэн нэгэн өдөр өнгөрлөө. Уг нь жиргээчдийн идэвхи буураагүй байсан бол үдээс нэлээд хойно Нюьс.мн ий гаргаж тавьсан “Яамнаас Монголын зохиолчдын эвлэлд Их хурлаа хийхэд нь 82 саяыг өгч. Өнөө мөнгөнийх нь ихэнхийг хүнд гарууд цохичихсон” тухай жиргээ “түймэрдэх” байлаа.