“Баавгай” малгайт харуулууд ёслолд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

“Баавгай” малгайт харуулууд ёслолд бэлтгэж байна

Английн Хатан хааны том ач, ханхүү Уилльямийн хуримын ёслол болохтой холбогдуулан энэ онцгой үйл явдалд чухал үүрэгтэй оролцох хатан хааны харуулын цэргүүдийн талаар сонирхолтой мэдээлэл гарч эхэлсэн байна. Түүний дотор хатан хааны хүндэт харуулын гоёмсог дүрэмт хувцасны онцгой нэг бүрдэл болох баавгайн арьсан малгай олны анхаарлыг их татдаг тухай дурджээ.

Олон зууныг дамжсан баавгайн арьсан малгайг удахгүй болох сүр жавхлант хатан хааны гэр бүлийн хуримын ёслолын үеэр британийн цэргүүд өмсөж жагсах бөгөөд тэд хэдийнээ бэлтгэлдээ гарчээ. Гэхдээ энэ малгайг өмсөх нь амар ажил биш тул халууцсанаас болж хүндэт харуулын цэргүүдээс ухаан алдаж унах тохиолдол гарсан байна.

Энэ малгайг Канадын хар болон хүрэн баавгайн арьсаар хийдэг бөгөөд 18 инч буюу 45 орчим см өндөртэй, 1.5 паунд буюу хагас кг гаруй хүнд байдаг байна. Малгайг хийхийн тулд жил бүр 50-100 баавгайн арьсыг Канадаас авдаг ба нэг бүрийх нь үнэ 650 паунд орчим болдог аж. Тэгэхдээ хатан хааны харуулын цэргүүдийн өмсөж байгаа малгайнууд дотор 100 “насалсан” малгай ч бас байгаа гэнэ.

Баавгайн арьсан малгайг 17-р зууны үеэс европын армиуд цэргүүддээ өмсгөж эхэлсэн бөгөөд энэ нь цэргийх нь сүр жавхааг нэмж өндөр сүрлэг харагдуулдаг байсан аж.  Харин Ватерлоогийн тулааны үеэс Британийн арми дахь хатан хааны шотланд морьт цэргийн хороо болон урт буут цэргийн хороодод ийм малгай өмсөхийг зөвшөөрч эхэлжээ.

М.Наст

Видеог ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж