
Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд хүн ам өсөн нэмэгдэж түүнийг даган ард иргэдийн ахуй амьдрал, аюулгүй орчин нөхцөлд анхаарах асуудал тулгарч байгаа. Ялангуяа уул уурхайг даган хүн амын төвлөрөл илүүтэй үүсч байгаа Ханбогд, Цогтцэций, зэрэг сумдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар анхаарах нь чухал байгаа юм. Тиймээс өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Бадраа зарим сумдын цагдаагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдөлгөөнт эргүүлийн шинэ машин гардуулан өглөө. Тодруулбал Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Ханбогд сумын Цагдаагийн тасаг, Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст иж бүрэн тоноглолтой автомашин тус тус гардуулан өгсөн юм. Эдгээр сумдыг хөдөлгөөнт эргүүгийн машинаар хангах, эргүүлийн машины тоог нэмэгдүүлэх ажил нь Өмнөговь аймгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны Үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд машиныг нийлүүлэхэд орон нутгийн төсвөөс 60 сая төгрөг зарцуулжээ.