Өнөөдөр Дамаск хотын жирийн нэг өдөр. Гэхдээ хотын захад харгис тулалдаан үргэжилсэн хэвээр. Харин иргэд тайван байхыг зориуд "хичээх" мэт. Мандах нар, гийх сар нь хүртэл түгшүүртэй. Танхил багачууд ч эрх дураар наадах эрхгүй. Ийм л өдөр хоногуудад тэд дасаж байх шиг. Олны хамгийн ихээр цугладаг цэцэрлэгт хүрээлэн хоосон. Хааяхан цэвэрлэгч ирээд хэдэн шороо босгоно. Ажил албандаа яардаг байсан харгуй ч ажин түжин. Талх зарах эр, хүүхэд тэврэх бүсгүй, наранд нозоорох цэргүүд. Дамаск түгшүүрийн дэргэд. Итгэлийн "цаана"..
ТҮҮНД ОДОО ЮУ Ч ҮЛДСЭНГҮЙ
Энэ залууг Мухсен гэх. Тэр бусдын л адил амьдарч байж. Мэдээж дайнаас өмнө.
Дерад амьдрах түүний овоохой одоо үгүй болсон. Хоёр эгч бас бяцхан дүүгээ алдаад жилийн нүүр үзэв. Тэднийг нь Ассадын цэргүүд яргалж хөнөөсөн гэсэн. Тэр цагаас хойш Мухсен эрх баригчдыг хорсон зэвүүцсээр л. Одоо тэр 25-тай ч үзэн ядалт, өшөө хорсол нь улам илүү "оворжуулсан" байх. Тийм ээ түүнд итгэж, найдах юу ч байхгүй. Хайртай бүсгүйнх нь эцэг ч Ассадыг "дэмжинэ". Мухсен түүнийг заавал хөнөөх болно гэж байсан. Тэр таалагдаагүй бүхнээ л үгүй хийнэ. Магад өөрөө ч үхэж мэдэх тэр ертөнцөд "жингүүдэж" явна. Тийм ээ одоо Мухсенд юу ч "үлдээгүй" болов уу…
Саяхан л Сири айлд удам залгах хүү төрсөн бол ихэд "билэгшээдэг" байж. Харин одоо бол түүнийг нь мөнхийн "айдас" дагуулна. Тэрний хүүд цэргийн зарлан ирж. Өчигдөр өглөө аваад явсан бололтой. Одоо ч гэсэн чимээ сураг алга. Аймшигтай юм нөгөө хүү нь алуулсан гэнэ. Ийм түүх айл бүрт биш ч хэдэн зуугаараа. Тэдний дотор 16 нас ч хүрээгүй хөвгүүд байх. Алагдсан хөвгүүдийн ариун цогцос тэр бүр гэртээ очихгүй. Тийм гэхийн аргагүй сэглэгдсэн биеийг тэднийг элсэн цөлд "булна". Гунигт гашуун мэдээнд хөөрхий ээж нар л "эмтэрнэ". Уршигт дайныг үзэн ядна. Цөхрөлд "хүлэгдсэн" амьдын там эхэлнэ. Гэвч маргааш нь нөгөө айлын хүүд зарлан ирнэ. Энэ бүхэн хэзээ дуусах юм бэ? Надад хэлээч Аллах бурхан минь…
ХҮҮХДҮҮД ДАЙНААС "ЗАЛХАЖ" БАЙНА
Гучин сарын хугацаанд Сири улсыг туйлдуулж буй энэ дайны хар балаг олон сая сири хүүхдийн мөрөөдлийг "үгүй" хийж байна. Тэд бусдын адил амьд явж, эцэг, эхийн асрамжинд байж, сурч боловсорч, толгож наадах эрхтэй билээ. Гэвч энэ бүхэн Сирийн алслсагдсан муж төдийгүй нийслэл хотод ч зөрчигдсөөр. Тэд яг одоо л үгээ хэлж, эрхээ хамгаалахыг хүсэж байна. Харин түүнийг нь дайтагч талууд "анзаардаг" болов уу?
Зураглаач А.Билгүүн