
Одоогоор хорих ял шийтгүүлсэн 8 мянга орчим иргэн байдаг бөгөөд энэхүү хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 3 мянган хүн Өршөөлд хамрагдах гэнэ.
Хэвлэлийн хурлыг зарласан гишүүд энэхүү хуулийн төсөлд Авлига хээл хахуулийн дуулиант хэрэгт холбогдсон этгээдүүд хамрагдахгүй гэдгийг онцлоод. Өршөөлд хамрагдах хүн тус бүрээс бичгээр баталгаа авах зохицуулалтыг шинээр хийснээ танилцууллаа. Түүнчлэн өмнө Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамруулахгүй гэх зарчмыг ч оруулсан байна.
Өршөөлийн хууль гарснаар гэмт хэргийн тоо нэмэгдэх, суллагдсан гэмт хэрэгтэн дахин хэрэг үйлдэх магадлалын талаарх асуултад "Өршөөлөөр суллагсдын зургаа орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн судалгаа бий. Гэхдээ хууль гарахтай холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр ажиллана. Хэрэв гурван мянган хүнийг биечлэн эдлэх ялаас чөлөөлөхөөр бол улсад 12 тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар байгаа. Энэ мөнгийг гэмт хэргээс урьчилан сэргийлэхэд зориулах боломжтой" гэсэн байна.
Мөн энэ удаагийн Өршөөлийн хуулийн төслийн нэгэн онцлог нь Өршөөлд хамрагдах этгээд нь гэмт хэргээс учирсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байхыг шаардаж буй аж.
УИХ-ын гишүүд энэхүү төслийг дэмжлэг хүлээн гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд намын ялгаагүйгээр 24 гишүүн санаачлагчаар бүртгэгдсэн аж.