“ХСҮТ ачааллаа дийлэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

“ХСҮТ ачааллаа дийлэхгүй байна”

“Эмч нарын ачаалал ихтэйгээс өдөржин дугаарлаж байж нэг юм үзүүлэх юм. Орон нутгаас өвчин нь хүндэрч ирсэн иргэдийн хувьд урт дараалал хүлээх хэцүү юм. Түүнээс эмч, эмнэлгийн үйлчилгээ сайн байна” гэж Монголдоо ганцхан байдаг Халдвар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ үзүүлэхээр ирсэн иргэд ярьж байна. 1982 онд ашиглалтад орсноос хойш манай улсын хавдартай иргэдийн “авралын гарц” болж буй ХСҮТ-д өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн сайд Н.Удвал ажиллаж, эмнэлгийн удирдлага, эмч, эмчлүүлэхээр ирсэн иргэдтэй уулзсан юм. Сүүлийн үед халдвар болон халдварт өвчин нэмэгдэж, ДОХ-ын тохиолдол 147 болон бүртгэгдсэн нь Н.Удвал сайдын “чихэнд” хүрч, яаралтай арга хэмжээ авахад хүргэсэн бололтой. 

“Эмнэлгийн барилга хэвээр. Эмч ажилчдын тоо, тэдний цалин хэвээр. Гэвч эмчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа нь ийнхүү ачаалал хэтрэхэд хүрч байна. Ачаалал их байна гээд тангараг өргөсөн эмч нар хавдраар өвчилж, шаналж буй иргэдэд аль болох хүрч үйлчлэхийг чухалчилж байна” гэж Эрүүл мэндийн сайдад эмч нар хэлж байна. Одоогийн байдлаар ХСҮТ 346 ажилтантай. Шинээр баригдаж буй өргөтгөлийн барилга ашиглалтад орвол дахин 164 ажилтны орон тоо гарах юм байна. Тус эмнэлэгт хэрэглэж буй техник хэрэгслүүд 2006 оны буюу нилээд хоцрогдох хэмжээнийх гэнэ. Оношилгоо шинжилгээний тендер зарласан ч эхэндээ энэ төрлийн тендерийг сонирхдог компаниуд олддоггүйгээс хугацаа алдах тохиолдол гарсан гэнэ. Харин сүүлийн үед тендерийг авч, ажлыг нь гүйцэтгэх компаниуд сонирхлоо ирүүлсэн байна. 

Монгол Улсын Эрүүл мэндийн хуулинд “Хавдрын өвчнийг үнэ төлбөргүй эмчилнэ” гэж тусгасан тул ХСҮТ-ийн төсвийн 82 орчим хувийг улсаас авдаг байна. Долоо орчим хувийг эрүүл мэндийн даатгалаас төсөвлөдөг байна.


Өнгөрсөн онд 3059 хүн хорт хавдраар нас баржээ

Манай улсад элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдар хамгийн түгээмэл байна. Үүний гурван хүний хоёр нь элэгний хорт хавдраар өвчилдөг гэсэн судалгаа байна. Хүн амын өсөлтийг дагаад хавдраар өвчилж буй иргэдийн тоо нэмэгдэж, 2007 онд ХСҮТ-д 5400 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан бол 2012 онд 7458 болж өссөн байна. Мөн 2007 онд 58 мянга гаруй иргэн амбулаторийн үзлэгт хамрагдаж байсан бол 2012 онд 78 мянга болж өссөнөөс үүдэн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн гэдгийг Халдвар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар сайдад танилцуулсан юм. Өнгөрсөн оны байдлаар ХСҮТ-д 11061 хүн хорт хавдрын хяналтад орж, 4544 хүн шинээр өвчилж, 3059 хүн энэхүү өвчний улмаас нас барсан байна.

ХСҮТ 2011 оноос хойш хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний стратегийг боловсруулан ажиллаж байгаа гэнэ. Үүний үр дүнг хавдрыг өвчилснийх дараа бус өмнө нь урьдчилан сэргийлэх аянуудыг зохиосон байна. Хавдрыг эрт илрүүлснээр зардал мөнгөний хувьд бага, өвчилсөн хүн ч эмчилгээ авах нь хурдан байдгийг ХСҮТ-ийн эмч нар болон Эрүүл мэндийн сайд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа. 

Ачааллыг багасгахын тулд орон нутгийн эмч нарыг чадваржуулах шаардлагатай гэв

ХСҮТ-д манай улсын халдвараар өвчилсөн болон урьдчилан сэргийлэхээр оношилгоо өгч буй бүхий л иргэд ханддаг. Үүнээс үүдэн эмнэлгийн эмч, тоног төхөөрөмж, ор гээд бүхий л зүйлийн ачаалал хэтэрч, иргэддээ хүрэлцдэггүй байна. Энэ ачааллыг бууруулахын тулд орон нутгийн, тэр тусмаа аймаг дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлгийг чадварлаг боловсон хүчин, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай гэнэ. Тэр тусмаа аймгийн нэгдсэн эмнэлгийн оношилгооны эмч нарыг чадваржуулах эн тэргүүнд тавигдах ёстойг ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар Эрүүл мэндийн сайдад уламжилж, санал хүргүүлсэн юм байна. Энэхүү санал биеллээ олбол оношилгоо, эмчилгээний чадварлаг боловсон хүчин бэлтгэх сургалтад

2013 он-61
2014 он-64
2015 он-57
2016 он-57 эмч, мэргэжилтнийг бэлтгэх боломжтой байгааг судалж тогтоосон байна. Үүнээс 100 эмчийг заавал эмнэлэг, эмчилгээ өндөр хөгжсөн оронд сургахаар төлөвлөсөн байна. Ингэснээр ХСҮТ-ийн ачаалал буурахаас гадна орон нутгийн иргэд заавал нийслэлийг зорих шаардлагагүй болж, зардал мөнгөний хувьд хэмнэл гарах гэнэ.

Иргэд эмчилгээний зардлын 41 хувийг өөрөөсөө гаргадаг

Дэлхийн бусад орнуудад иргэд нь эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээ гээд бүхий л зардлынхаа 15 хэтрэхгүй хувийг өөрөөсөө гаргадаг. Ингэснээр тухайн улс орон иргэдийнхээ эрүүл мэндийг хуулиар сайн хамгаалсанд тооцогддог гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал ХСҮТ-д ажиллах үеэрээ хэллээ. Харин манай улсын хувьд иргэд нь оношилгоо, эмчилгээнийхээ зардлын 41 орчим хувийг “халааснаасаа” гаргадаг байна. Иргэдээс гарч буй энэхүү их хэмжээний зардлыг багасгахын тулд төр стратеги боловсруулан ажиллаж байгаа бөгөөд 15 хувь руу ойртуулах нь хамгийн ойрын хугацаанд хийх ажлуудын нэг болоод байгаа гэнэ. Мөн эмийн хэрэглээ, чанарыг сайжруулж, манай улсын иргэдийн бие, орчинд тохирсон эмийн жагсаалтыг шинэчлэн гаргахаар болсон байна. Одоогийн байдлаар манай улсад хэрэглэж буй зарим эм иргэдэд тохирдоггүй, үйлчилгээ муутай, хямдхан байгаа гэнэ. Эмийг хүнсний бараа мэт хэрэглэж байгаа явдлыг таслан зогсоох бодлого барьж байна. Улаанбаатар хотод л гэхэд 500 гаруй аптек ажиллаж байгаа ч тухайн хүнд хэрэгтэй эмийн жорыг бичээд иргэдэд үйлчилдэг газар тун цөөхөн байгааг бодлогоор цэгцлэх болсныг Эрүүл мэндийн сайд дуулгалаа.

Эрүүл мэндийн сайд ХСҮТ-ийн эмч нартай санал солилцож, эмнэлгийн орчин, хэвтэн эмчлүүлэгч, өвчтөнүүдтэй уулзсаны дараа эн тэргүүнд хэрэгтэй зүйлсийг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хурлаар оруулах юм байна. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж