
Мөнгө угаахтай тэмцэх Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евро Азийн бүсийн байгууллагын хамтарсан типологийн хуралдаан өчигдөр эхэлжээ. Хуралдааны үеэр мөнгө угаахтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх сургалт болж буй юм. Монгол Улс анх удаагаа мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын томоохон хуралдааныг нутагтаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд энэ удаагийн типологийн хуралдаанд Ази Номхон далайн бүсийн байгууллага, Евроазийн бүсийн байгууллагууд хамтран оролцож буй юм. Хуралдаанд Мөнгө угаахтай тэмцэх байгууллагын гишүүн орнуудаас нийт 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Мөн Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг найман олон улсын байгууллага ажиглагчаар оролцож байна. Хурал есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Д.ЦЭЭНЭ